Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 15.00 цагт Төрийн ордны “А” танхимд боллоо.
Ажлын дэд хэсгийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ, Д.Сарангэрэл, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Амарсайхан, мөн яамны Гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Х.Баавгай, мэргэжилтэн Ж.Шийлэгпүрэв, Хүүхдийн төлөө үндэсний газрын дэд дарга Т.Түвшин, Сургуулийн нийгмийн ажилтны нийгэмлэгийн тэргүүн Б.Мөнхжаргал, Хүүхдийн эрхийн сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал Б.Жавзанхүү, Монголын хүүхдийн эрхийн үндэсний төвийн тэргүүн П.Цэвээн, Хууль сахиулах их сургуулийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрхлэгч Г.Оюунболд нар болон Байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Л.Лхагвасүрэн, зөвлөх О.Баяраа, референт М.Отгон нар оролцов.
Тус Байнгын хороо Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамтай хамтран “Хүүхдийн төлөө ногоон карт” аяныг 3 сарын хугацаатай улс орон даяар зохион байгуулж, иргэд, байгууллагаас ирүүлсэн нийт 24 мянга гаруй саналыг багцлан хуулийн төслүүдэд тусгаж, хуулийн төслүүдийн талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Байнгын хорооны дэд хэсэг 12 удаа, ажлын хэсэг 2 удаа тус тус хуралдаж, хуулийн төслүүдийг сайжруулан боловсруулав.
Байнгын хорооны ажлын хэсгийн 2015 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр болон 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар ажлын дэд хэсгээс гаргасан Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай санал болон бусад хуультай уялдуулах талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг тус тус хэлэлцэж, санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.
Байнгын хорооны ажлын хэсгийн гишүүд хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Ажлын хэсгийн хуралдаан 16.30 цагт өндөрлөлөө.
НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ
УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА