Эмхэтгэлийн шинэ дугаарт Дипломат цол хүртээх тухай, Засгийн газарт чиглэл өгөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэлжээ.
Ерөнхийлөгч зарлиг гарган Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Монгол Улсын ачааг БНХАУ-ын төмөр замаар дамжуулан тээвэрлэх нөхцөлийн талаар багц хэлэлцээр, Улаанбаатар төмөр замын шинэчлэл хөгжлийн стратеги түншлэлийн тухай хэлэлцээр, Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын Төмөр замаар дамжин өнгөрөх, ачаа тээвэрлэх тухай хэлэлцээр, Монгол, Орос, Хятадын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөр боловсруулах, байгуулах ажлын хэсгийг тус тус ахалж, хэлэлцээрийг амжилттай зохион байгуулж Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Ёндонгийн Манлайбаярт Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цол хүртээсэн байна.
Мөн Ерөнхийлөгчийн зарлигаар хүний амь нас хохирохоос урьдчилан сэргийлэх, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгожээ.
Тухайлбал, архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд согтууруулах ундааны шошго дээрх эрүүл мэндийн анхааруулгын утга, санаа, илэрхийлэл, тайлбар, эзлэх талбайн хэмжээ, үсгийн бичвэрийн фонд, хэмжээ, харагдах байдал зэргийг нарийвчлан тусгаж нэг загварт оруулах, согтууруулах ундааны спиртийн агууламжийг бууруулах тухай зохицуулалтыг нэмж тусгахаар Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, цахим орчинд тавих хяналтын тухай хууль тогтоомжийг шинээр боловсруулж, нийгмийн сүлжээнд Харилцаа холбооны зохицуулах хороо болон хууль сахиулах байгууллагаас хяналт тавьж, болзошгүй эрсдлээс сэргийлж, IPTV болон нийтийн мэдээллийн хэрэгсэл, интернетийн сүлжээнд шаардлагатай хязгаарлалтуудыг тухай бүр хийх зохицуулалтыг бий болгохыг чиглэл болгосон байна.
Түүнчлэн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоо, нормативыг нутаг дэвсгэрийн хүн амын тоо, бусад нөлөөлөх үзүүлэлтийг харгалзан шинэчлэн тогтоох, согтууруулах ундааны импортыг бууруулж, дотоодын үйлдвэрлэлд тавих хяналтыг чангатгах, энэ төрлийн бүтээгдэхүүнээр үйлчлэх цагийн хуваарийг богиносгож 08.00-24.00 цаг болгох, долоо хоног бүрийн нэг өдрийг архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй, худалдан борлуулахгүй байх, 400 мл хүртэлх жижгээр савласан архи дэлгүүрээр зарахыг хориглох эрх зүйн зохицуулалтыг бий болгохыг зарлигтаа дурдсан байна. Хот суурин газрын гэр хороолол, орон сууцны хороололд гал унтраах аврах ангийн бие бүрэлдэхүүн, эмнэлгийн түргэн тусламжийн автомашин хүрэлцэн очиж үүрэг гүйцэтгэх зам гарцыг чөлөөлөх, хаягжилт, координацитай болгох ажлыг хэрэгжүүлэх, эмийн худалдаа, чанар, хадгалалт, эргэлтэд тавих хяналтыг чангатгах асуудлыг мөн тусгасан байна.
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлд Үндэсний хөтөлбөр батлах тухай, Журам батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудыг нийтэлжээ.
Дээрх тогтоолоор “Цахим засаглал” үндэсний хөтөлбөр, “Төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэл хөтлөх, мэдээлэл авах журам”-ыг баталжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.