Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үг


        Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ!

     Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу УИХ-ын хаврын чуулган өндөрлөж байгаа ч Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасны дагуу Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлэг тасралтгүй үргэлжлэх ёстой учраас ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байна.

  Монгол Улсад нар хур тэгширсэн дэлгэр зун ирж, Үндэсний их баяр наадам удахгүй болох гэж байна. Монголыг Монгол гэж харагдуулдаг үндэсний уламжлалт зан үйл, баяр ёслолоо бид өргөн дэлгэр тэмдэглэх учиртай ч ард түмний төлөөлөл, даруухнаар хэлбэл, төрийн зарц Та бидэнд чуулганаа завсарлуулах эрх алга аа. 

Учир нь та бид түүхэн үүрэг гүйцэтгэж байна. Ард түмнийхээ  хүсэл, зорилго, нийгмийнхээ захиалгыг биелүүлэх нь олон түмнээ төлөөлөн төрийн эрхийг барилцаж байгаа  Та бидний журамт үүрэг юм. 

Ардчилсан Үндсэн хууль түүхэн үүргээ гүйцэтгэж, бахархам амжилт ололтыг авчирсан. Алдаа оноо нь ч ил байна аа. Засаж сайжруулах гэдэг дээр маргаж байгаа хүн алга. Товчхон хэлбэл, эмх замбараагүй өнөөгийн нийгмийг цэгцлэх цаг болсонтой бараг хүн болгон санал нийлж байна. Энэ бол боломж, Монголын ард түмний түүхэн сонголт юм.  

Цэгцэлж хэрвээ чадвал цэгцрэх хөдөлгөөн хөгжил дэвшилд хүргэнэ. 


Үүний төлөө бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг эхлүүлсэн. Бидэнд буцах зам байхгүй. Хэрвээ зорьсноосоо буцвал, түүхэн боломжийг алдвал эс үйлдлийнхээ төлөө бид түүхийн өмнө хариуцлага хүлээх болно. 

Ингэж бодож хичээн зүтгэх учиртай. Энэ эрхэм үйл хэргийг зөв, сайнаар гүйцэлдүүлэхийн төлөө мэдлэг боловсрол, туршлага чадвар, буй бүхнээ дайчлах ёстой гэсэн итгэл үнэмшил Монгол Улсын Их Хурлын гишүүд, төрийн түшээ та бүхэнд байгаа гэдэгт бүрэн итгэж байна. 

Гурван парламент дамжуулан, 10 жил ярьсан асуудлыг одоо шийдэх цаг мөч иржээ. Хорин долоон жилд арван гурван Засгийн газар сольж, тогтворгүй, хариуцлагагүй төр, тогтолцоо нь гажуудсан нийгмийг бүрдүүлсэн алдаагаа ухааран, цэгцлэх цаг болсон гэж  үзэж байна. Байгалийн асар их баялгийн үр шим ард түмэндээ наалдаагүйн бурууг ч засах ёстой. 

Бид энэхүү нэмэлт, өөрчлөлтийг эхлүүлэхдээ олон түмний санал бодлыг сонсож, уулзалт хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан. Ард иргэдээс ирсэн саналыг хэлэлцүүлгийн явцад судалж, анхаарах ёстой.

Улс төрийн 15 нам дэмжиж, эв санааны нэгдлээ илэрхийлж, саналаа ирүүлж байна. Тухайлбал, МАХН-аас байгалийн баялаг нь ард түмний дундын өмч гэсэн заалт оруулъя, 6.1, 6.2 дээр хүн бүрийн мэдэх эрхийг хангая гэсэн саналаа илэрхийлжээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч, АН-аас Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд оруулах саналаа ирүүлж, асуудалд ажил хэрэгчээр хандана гэдэгт итгэлтэй байна. 

Ард иргэдээс ирүүлсэн санал, УИХ-ын гишүүдийн тойрогтоо ажиллах үеэр тэдний илэрхийлсэн саналуудыг цэгцлэхийн тулд Ажлын хэсэг хуралдаж, Байнгын хороодоор хэлэлцүүлж, Төрийн байгуулалтын байнгын хороон дээр санал хураахад бэлэн болоод байна. 

Энэ хүрээнд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах эрх зүйн орчныг бий болгох, давхар дээлийг тайлах асуудлыг нэг мөр шийдэж, төр засгийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх, дээр дурдсан байгалийн баялаг ард түмний өмч бөгөөд тэдний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэдэг заалтыг тодруулж, Баялгийн сан бүрдүүлж ашигладаг олон улсын жишиг, туршлагыг харгалзан, тусгахыг олон нийт хүлээж байна. Энэ талаар тодорхой хэлэлцүүлэг, мэтгэлцээнүүд явагдах учиртай. 

Мөн нутгийн удирдлагын тогтолцоо, хот, дүүргийн статусыг илүү тодорхой болгох саналууд судлаач, эрдэмтэн, ард түмнээс олноор ирж байгааг хэлэлцүүлгийн явцад онцгой анхаарах учиртай.


Энэ мэт цэгцлэх зүйл бидэнд их байна. Цэгцэлж чадах хүч, ухаан монголчуудад. УИХ-ын гишүүд Та бүхэнд  бий. Байгаа боломж, чадавхиа сайн ашиглаж чадах юм бол цэгцрэх хөдөлгөөн Монгол Улсыг хөгжил дэвшилд хүргэнэ ээ. 

Эрхэм гишүүд ээ,

ЦЭГЦЛЭХ ЦАГ, ЦЭГЦРЭХ СОНГОЛТ ТА БИДЭНД НОГДООД БАЙНА. Тиймээс зорилго, эрмэлзлээ нэгтгэж, үндэсний эв нэгдэл, ойлголцол зөвшилцлийн Тунхаг болсон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нэн хариуцлагатай хандахыг, зорьсон үйлсээ эрхэм сайнаар бүтээхийг Та бүхэндээ хандан уриалж байна. 

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы ажиллагаа нээснийг мэдэгдье. 


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл