Цэс

Холбоо барих

Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсэг хуралдлаа

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын зургаан дэд хэсгийн хуралдаан өнөөдөр /2019.06.29/ болж байна. 

Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсэг Улсын Бага Хурлын гишүүн, Улсын Их Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэн ахлагчтай гишүүд өнөөдөр дөрөв дэх удаагаа хуралдлаа.

2019 оны 06 дугаар сарын 28-ны байдлаар Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлт-ийг иргэд дунджаар 59 хувийн саналаар дэмжсэн байна. 

Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн 59.2-т “Монгол Улсын нутгийн өөрийн удирдлагын үндсэн байгууллага нь сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал мөн. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн болон татвар тогтоох эрхтэй байна. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тоо, тэдгээрийг иргэд сонгох журмыг хуулиар тогтооно.” гэдгийг иргэдээс өгсөн саналын дагуу 59 хувиар дэмжигдсэн байна.

Ингээд Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн гишүүд Хотын эрх зүйн байдлыг тодорхой болгох, Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн байдлыг тодорхойлох, мөн Бүх шатны Засаг даргыг томилох, огцруулах журмыг тодорхойлох гэсэн зүйлүүдэд оруулсан саналын томьёоллуудыг нэгтгэж, Томьёоллын ажлын дэд хэсэгт хүргүүлэхээр тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл