Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх Ажлын дэд хэсгүүд өнөөдөр (2019.06.29) дахин хуралдлаа.
Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн хуралдааны эхэнд ажлын хэсгийн ахлагч Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав иргэдээс ирүүлсэн саналын талаар танилцуулав.
2019 оны 06 дугаар сарын 28-ны байдлаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэдээс нийт 754 санал ирүүлсэн бөгөөд гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлэхтэй холбоотой зүйл, заалтуудыг 55-61 хувь нь дэмжсэн байна. Нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбоотой цоо шинэ санал иргэдээс гараагүй гэдгийг ажлын хэсгийн ахлагч онцолсон.
Энэ өдрийн хуралдаанаар ажлын дэд хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудын талаар хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил, арга зүйн туслалцаагаар хангах дэд хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар саналын томьёоллын хэл найруулгыг сайтар хянах нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа илэрхийлээд, хуулийн хэрэгжилт гэсэн үг хэллэг Үндсэн хуулийн нэр томьёонд байхгүй учир хуулийн биелэлтийг хангах хэмээн тусгах нь зүйтэй гэсэн саналыг хэлсэн.
Ажлын дэд хэсгээс зарчмын зөрүүтэй саналын гурван томьёоллыг боловсруулсан бөгөөд төрийн жинхэнэ албатай холбоотой заалт, Ерөнхий сайдыг огцруулах, томилохтой холбоотой хэсгийн талаар, түүнчлэн Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуур, түүнтэй холбоотой иргэдээс ирүүлсэн саналын талаар хэлэлцэн ажлын дэд хэсэг санал, дүгнэлтээ Томъёоллын ажлын дэд хэсэгт хүргүүлэхээр тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.