Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 25 дугаарын тойм


Эмхэтгэлийн шинэ дугаарт Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудыг нийтэлжээ. Мөн Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон хамт батлагдсан хуулиудыг нийтэлсэн байна.

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар нотариатын үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хуульчийн сонгон шалгаруулалтад орж тэнцсэн байх шалгуурыг тогтоож, нотариатч нь хуульч болж үүнтэй холбогдуулан хууль зүйн үргэлжилсэн сургалтад жил бүр хамрагдаж, тогтоосон багц цагийг хангаж байх, нотариатын шинэ төрлийн үйлдэл болох “үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах, хадгалах, бусдад шилжүүлэх” асуудлыг нарийвчилан зохицуулжээ.

Нотариатчийн үүрэг гүйцэтгэгч албан тушаалтнуудын гэрчлэх нотариатын үйлдлийг тодорхой хязгаартай болгох, тэдгээрийг сургах, давтан сургах, нотариатч үзүүлсэн үйлчилгээ, үйлчилгээний хөлс, тээврийн зардлын хэмжээг тусгасан төлбөрийн баримтыг үйлчлүүлэгчид олгодог болох, энэ талаарх тайлан мэдээг холбогдох байгууллагад гаргаж өгдөг байх зэрэг асуудлыг хуульд шинээр тусгаж, холбогдох заалтуудыг өөрчлөн найруулж хуульчилсан байна. Тухайлбал, Нотариатын танхимыг нийтийн эрх зүйн этгээд болгож, Нотариатчдын танхимын бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгожээ. Нотариатчдын сахилга, хариуцлагыг нэмэгдүүлэх зохицуулалтыг нарийвчлан тусгасан бөгөөд нотариатын тусгай зөвшөөрөлтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулж, тусгай зөвшөөрлийг бусад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаатай адилтган “зөвшөөрөл” болгож, түүнийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлдэг болгох, түдгэлзүүлсэн хугацаанд сургалтын багц цагийг хангадаг байх, төрийн жинхэнэ албан хаагчийн насны дээд хязгаарт хүрсэн тохиолдолд нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл дуусгавар болгодог байхаар хуульчилсан байна.

Мөн дугаарт Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэлжээ. Хууль батлагдсанаар сэргээгдэх эрчим хүчний үнэ, тарифын дээд хязгаарыг тогтоож, төслийг үнэ хаялцуулах өрсөлдөөний (төсөл шалгаруулалт) зарчмаар сонгон шалгаруулдаг болох аж. Мөн нар, салхины эх үүсгүүрээс нэгдсэн сүлжээнд нийлүүлэх үнэ тарифыг дээд хязгаарыг өөрчлөн, төсөл шалгаруулалтын журмаар нарны станцыг үнэ тарифыг 0.12 ам.доллар хүртэл, салхин станцын хувьд 0.085 ам.доллар хүртэл байхаар хуульчилсан байна. Айл өрх, албан байгууллагууд өөрийн цахилгаан хэрэглээнд зориулж бага чадлын сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг ашиглах, мөн  өөрийн хэрэглээнээс илүү гарсан цахилгааныг түгээх сүлжээнд худалдаалах боломжтой болж байгаа юм байна.

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлд “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай, Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай, Зарим албан тушаалтны цалингийн хэмжээг тогтоох тухай, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, чөлөөлөх тухай,  Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй  холбогдуулан авах арга хэмжээний тухай, Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай, Ерөнхийлөгчийн хоригийн тухай, Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай, Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлтийн тухай, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэг байгуулах тухай,  Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай    Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлсэн байна.

Түүнчлэн Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2018 оны 49 дүгээр тогтоол, 2019 оны 22, 23 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг нийтэлжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл