Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн дэд ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр (2019.07.03) боллоо. Хуралдааныг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан даргалав.
Хуралдаанд ажлын дэд хэсгийн гишүүд болох Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, хууль зүйн ухааны доктор Ц.Цогт, Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх М.Үнэнбат, ажлын дэд хэсгийн нарийн бичгийн дарга Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх А.Солонго, референт Б.Золбоо нар оролцлоо. Мөн хуралдааны явцад томъёоллын асуудлаар мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэхээр Томъёоллын ажлын дэд хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Б.Батчимэг оролцсон.
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны, Төсвийн болон Өргөдлийн байнгын хороод энэ сарын 02, Хууль зүйн, Эдийн засгийн байнгын хороод энэ сарын 03-ны өдрүүдэд тус тус хуралдан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн. Байнгын хороодын хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүдээс төсөлтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол нэг бүрээр санал хураалт явуулсан юм.
Байнгын хороод төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үеэр Улсын Их Хурлын гишүүдээс шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой гаргасан саналуудыг Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсэг нэг бүрчлэн хэлэлцэв. Түүнчлэн хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналууд, томъёолол нь Үндсэн хуулийн бусад зүйл, заалттай зөрчилдөж буй эсэхийг нягталсан.
Ийнхүү зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрийг ажлын дэд хэсгийн гишүүд ярилцаад, дэмжиж буй болон дэмжихгүй байгаа үндэслэл, тайлбараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт, саналын томьёололтой холбоотой санал, дүгнэлтээ Томьёоллын ажлын дэд хэсэгт хүргүүлэхээр тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.