Цэс

Холбоо барих

Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлэхтэй холбоотой гаргасан УИХ-ын гишүүдийн саналыг хэлэлцлээ

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2019.07.03/ боллоо. Хуралдааныг Ажлын дэд хэсгийн ахлагч Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав даргалан явуулсан.


Улсын Их Хурлын долоон Байнгын хороо энэ сарын 02, 03-ны өдөр хуралдан хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ үеэр Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд тус бүрээр нэг бүрчлэн санал хураалт явуулсан билээ.

Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа Байнгын хороодын хуралдааны үеэр гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцлээ.


Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгагдсан төрийн албатай холбоотой заалт, Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуур, Засгийн газрын гишүүнийг Ерөнхий сайд томилж, чөлөөлөхтэй холбоотой зохицуулалттай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрийг ажлын дэд хэсгийн гишүүд ярилцаад, дэмжиж буй болон дэмжихгүй байгаа үндэслэл, тайлбараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт, саналын томьёололтой холбоотой санал, дүгнэлтээ Томьёоллын ажлын дэд хэсэгт хүргүүлэхээр тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл