Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсэг Улсын Бага Хурлын гишүүн, Улсын Их Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэн ахлагчтай гишүүд өнөөдөр /2019.07.03/ зургаа дахь хуралдаанаа хийлээ.
2019 оны 07 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд Улсын Их Хурлын долоон байнгын хороо Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд тус бүрээр нэг бүрчлэн санал хураалт явуулсан юм.
Үүнтэй холбогдуулан ажлын дэд хэсэг Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой асуудлаарх УИХ-ын Байнгын хороодоос гаргасан долоон Дэмжсэн, Дэмжээгүй зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг нэг бүрчлэн хэлэлцлээ.
Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улсын нутгийн өөрийн удирдлагын үндсэн байгууллага нь сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал мөн” гэснийг “Монгол Улсын нутгийн өөрөө удирдлагын үндсэн нэгж нь сум, дүүрэг байна” гэж Байнгын хороон дээр дэмжигдсэн санал байв.
Ийнхүү Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн гишүүд УИХ-ын Байнгын хороодоос Дэмжсэн, Дэмжээгүй зарчмын зөрүүтэй саналын томьёолол түс бүрээр хэлэлцэж, дэмжиж буй болон дэмжихгүй байгаа үндэслэл, тайлбараа нэгтгэн Томьёоллын ажлын дэд хэсэгт хүргүүлэхээр тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.