Цэс

Холбоо барих

"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2015 оны 45 дахь дугаарын тойм

Эмхэтгэлийн шинэ дугаарт нийтлэгдсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг баталсан байна.

Тухайлбал, эдийн засгийн үндсэн үзүүлэлт болох дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээ 2016 онд 4.1, 2017 онд 4.6, 2018 онд 8.9 хувь тус тус байхаар төсөөлжээ. Үүнээс гадна хэрэглээний үнийн индексийн түвшин, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ, Засгийн газрын өрийн нийт хэмжээ, Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх зардлын нийт хэмжээ зэргийг баталжээ.

Эмхэтгэлд Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль болон түүнтэй холбогдох бусад хуулиудыг нийтэллээ. Энэ хуулиар, Монгол Улсын төсөвт 2016 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллага, бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг баталснаас гадна төсвөөс 2016 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчид ямар хэмжээний төсөв зарцуулах эрх олгосныг эмхэтгэлийн өнөөдрийн дугаараас мэдэх боломжтой.

Мөн төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2016 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоо хэмжээний үзүүлэлт, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт, Хөгжлийн банкны эх үүсвэрээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй 2016 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг  тус тус  баталсан байна. Тухайлбал, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2016 оны төсвийн жилд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн дүнг 437,616.2 сая төгрөгөөр баталжээ.

Эмхэтгэлийн шинэ дугаарт нийтлэгдсэн Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулиар, Нийгмийн даатгалын санд 2016 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, төсөв зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулах ажээ. Ерөнхийлөн захирагчдын төвлөрүүлэх нийт орлогын хэмжээ нь 1,651,495.0 сая төгрөг байхаар баталсан байна

Харин Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд, тус сангийн төсвөөс 2016 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 221, 079.4 сая төгрөгөөр баталжээ.

Эмхэтгэлд, Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Үндсэн дүрэм, конвенцид орсон нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай, Ялтан шилжүүлэх тухай конвенцид нэгдэн орох тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг тус тус нийтэллээ. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсгийн “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч,” гэснийг “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан,” гэж өөрчилжээ.

Мөнгөний бодлогын үндсэн зорилт нь эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийн суурь болох макро эдийн засгийн тэнцвэрийг хангаж, банк, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад эмхэтгэлд нийтлэгдсэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл чиглэгдэж байна.  Үндсэн чиглэл батлах тухай тогтоолоор, мөнгөний бодлогын зорилтын хүрээнд болон банкны салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх хүрээнд, санхүүгийн зах зээлийн дэд бүтэц, түүний институцийг бэхжүүлэх хүрээнд тус тус авч хэрэгжүүлэх арга хэмжээг тусгасан байна.

Эмхэтгэлийн шинэ дугаарт, зарим хуулийн төсөл буцаах тухай, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай, Бүх шатны шүүхийн шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай, “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай”  Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтэллээ.

Эмхэтгэлд нийтлэгдсэн Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2016 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай  Улсын Их Хурлын тогтоолоор, Хүний хөгжил сангаас 2016 оны төсвийн жилд хүүхдийн мөнгө хэлбэрээр нийт 144,000.0 сая төгрөгийн хишиг, хувь олгохоор тогтоожээ.

Эмхэтгэлд, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн тогтоолыг бүрэн эхээр нь нийтлэв. Энэ заалтад “Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах....” гэсний “... томилогдсон...огцруулах...” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ...”, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх тул Цэц тогтоолоороо хүчингүй болгожээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл