Цэс

Холбоо барих

“Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд иргэдийн саналыг авах тухай

2015. 12. 01-ний өдөр, Улаанбаатар хот

    Монгол Улсын Их Хурлын даргын 2014 оны 60 дугаар захирамжаар Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхийн ажлын хэсгийг байгуулсан юм. 

    Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл”-ийн бүлгийн дарга Н.Батцэрэг нараар ахлуулан нам, эвслийн бүлэг, бие даагчдын төлөөлөл 15 гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. 

    Мөн ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсэгт  Засгийн газрын бүх яамдын Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар, Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид оролцсон баг ажиллаж Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын судалгааг НҮБХХ-ийн “Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийн дэмжлэгтэйгээр гарган эхний шатны ажил дуусгавар болсон юм.

    Улсын Их Хурлын даргын 2015 оны 137 дугаар захирамжаар ажлын дэд хэсгийг шинэчлэн байгуулж, салбарын тэргүүлэх эрдэмтэд, бодлого судлаачид, мэргэжлийн байгууллага, хүмүүсийн төлөөллийг оролцуулан ажиллаж, “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/” төслийг боловсрууллаа. 

    Улсын Их Хурлаас “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд санал авахаар  Засгийн газарт 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүргүүлсэн байна. 

    Төрийн байгуулалтын байнгын хорооноос уг төслөөр эрдэмтэн судлаачид, бизнесийн байгууллага, улс төрийн нам, төрийн болон бус байгууллага, олон улсын  байгууллагын төлөөллийг оролцуулан “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг гурван удаа зохион байгуулсан бөгөөд иргэдийн саналыг авч төсөлд тусгах зорилгоор  www.parliament.mn, www.open.parliament.mn веб хуудсанд төслийг байрлуулсан болно. 

    Монгол Улсын иргэн Таны саналыг tbbhoroo@parliament.mn, hogjiliinbodlogo@parliament.mn, ajiliinheseg@parliament.mn цахим шуудангийн хаягаар  авч байна. Та бүхнийг идэвхтэй оролцохыг хүсье.

   

ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО

Нэр Файл
Хавсралт файл Файл татах
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Одоогоор харуулах мэдээлэл оруулаагүй байна.