Цэс

Холбоо барих

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БЭЛТГЭСЭН ТУХАЙ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ САНАЛ, ДҮГНЭЛТ

2012 оны 12 дугаар Улаанбаатар хот
сарын 19-ний өдөр
Илтгэгч нь: Улсын Их Хурлын
гишүүн Р.Бурмаа
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төсөл болон түүнийг дагалдуулан өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын 2012 оны 12 дүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн билээ.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаараа дээр нэрлэсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх асуудлыг хэлэлцээд дараах санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж байна.

Монгол Улсын Их Хурлын даргын 2012 оны 12 дугаар сарын 03-ний өдрийн 149 дүгээр захирамжаар Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа, Л.Цог, А.Бакей, Г.Батхүү, Н.Батцэрэг, Ц.Даваасүрэн, С.Батболд, С.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан нарын бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг шинэчилэн боловсруулах, чуулганаар төслийг хэлэлцүүлэх бэлтгэл хангуулах үүрэгтэйгээр ажиллуулсан байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооноос хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэхдээ Ажлын хэсэгт ажилласан Улсын Их Хурлын гишүүдээс бэлтгэсэн санал, мөн Байнгын хорооны хуралдаан дээр Улсын Их Хурлын гишүүдээс бичгээр гаргасан зарчмын зөрүүтэй саналыг нэгбүрчлэн хэлэлцэж шийдвэрлэв. Байнгын хорооноос дэмжсэн “санал авах өдөр бүх нийтээр амарна” гэсэн саналаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, Н.Энхболд нар цөөнх болов. Мөн Байнгын хорооноос дэмжээгүй “Сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн нам, хамтарсан намуудын төлөөллийг нэмж оруулна”; “сонгуулийн сурталчилгааны зарим /сонгуулийн мөрийн хөтөлбөр, намтар/ материалыг хэвлүүлэх асуудлыг төр хариуцах”; төслийн 43 дугаар зүйлийн “арван сая” гэснийг “таван сая”, “зуун сая” гэснийг “арван сая” гэж тус тус өөрчлөх; “Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаах” гэсэн саналуудаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан цөөнх боллоо.

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналыг Байнгын хорооноос дэмжсэн, дэмжээгүйгээр нь ялгаж бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг эрхэм гишүүдэд хүргэсэн болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно.


Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.


Анхаарал тавьсанд баярлалаа.


ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН
БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА                А.БАКЕЙ

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл