2012 оны 12 дугаар Улаанбаатар
сарын 18-ны өдөр хот
Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн
Ж.ЭРДЭНЭБАТ
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн нарын гишүүдээс 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагааны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд хэлэлцэх нь зүйтэй гэж шийдвэрлэн, хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн билээ.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороо 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаараа хийж гаргасан санал, дүгнэлтийг Та бүхэнд танилцуулж байна.
Байнгын хорооноос тусгайлсан ажлын хэсэг гарч ажилласан бөгөөд ажлын хэсэг Улсын Их Хурлын гишүүдээс хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Төсвийн байнгын хороо болон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад гаргаж байсан саналыг нэг бүрчлэн судлан үзэж, төслийг одоо мөрдөгдөж байгаа Татварын болон Нягтлан бодох бүртгэл, Аудитын тухай хууль, тогтоомжуудтай уялдуулж, хуулийн төсөл санаачлагчдын үндсэн үзэл баримтлалыг өөрчлөхгүйгээр давхардлыг арилгаж, хуулийн төсөлд тавигдах ерөнхий шаардлагатай нийцүүлэн өөрчлөн найруулж гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёололыг нэг бүрчлэн Байнгын хорооны хурлаар санал хураалгаж, шийдвэрлэв.
Ажлын хэсгийн саналын дагуу хуулийн төсөлд дор дурдсан өөрчлөлт орох саналыг Байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн болно.
Хуулийн төсөл санаачлагчдын үндсэн үзэл баримтлалд нийцүүлэн татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг итгэмжлэгдсэн нягтлан бодогч, хуульчдаас бүрдсэн хуулийн этгээд явуулж, тодорхой эрх эдэлж, үүрэг хүлээн, хариуцлага хүлээж байхаар хуулийн төслийг өөрчлөн найруулж, хуулийн нэрийг “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай” хуулийн төсөл гэж өөрчлөх санал дэмжигдлээ.
Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг татвар төлөгчид сайн дурын үндсэн дээр авч байхыг тодорхой болгон хуульчилж, хуулийн нэр томъёоны зарим тодорхойлолтыг Татварын ерөнхий хууль бусад хуультай нийцүүлэн тодорхой болгох өөрчлөлтүүдийг тусгаж өглөө. Татварын тайлан гаргах, зөвлөх үйлчилгээг зөвхөн хуулийн этгээд байгуулан эрхлэх бөгөөд түүнд тавигдах шалгуур, шаардлагыг өндөрсгөн төсөлд тусгаж өгсөн саналууд Байнгын хорооны гишүүдийн дэмжлэг авлаа.
Хуулийн төслийн зорилго нь үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалж, үйлчлүүлэгч рүү чиглэсэн татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг үзүүлэх учраас үйлчлүүлэгчийн эрх, үүргийг тодотгон зааж өгсөн. Тухайлбал зөвлөх үйлчилгээг сайн дурын үндсэн дээр авах, Татварын зөвлөхийн буруутай үйл ажиллагаанаас хохирол учирсан бол хохирлоо нөхөн төлүүлэхийг шаардах, гомдол гаргах эрх эдлэх, татварын зөвлөхөд гаргаж өгсөн мэдээллийн үнэн зөвийг үйлчлүүлэгч хариуцах үүргийг тусгаж өглөө. Татварын мэргэшсэн зөвлөхөд сахилгын шийтгэл хүлээлгэх зүйл шинээр нэмж, мөн энэ хуулийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тохиолдол бүрд нь нарийвчлан зааж өгсөн саналууд дэмжигдлээ.
Хуульд тавигддаг шаардлагад нийцүүлэн төслийг бүхэлд нь хянаж, хууль зүйн техник, хэл найруулгын чанартай өөрчлөлтүүдийг оруулав.
Энэ хуулийг баталсантай холбогдуулан дагаж мөрдөх журмын тухай хууль гаргахаар төсөл боловсруулж байгаа бөгөөд төслийн дараагийн шатны хэлэлцүүлэгт хуулийн төслийн хамт оруулж ирж хэлэлцүүлнэ.
Хуулийн төслийг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт үйлчлүүлэгчид маш хэрэгтэй чухал хууль учраас хуулийн төслийн зүйл заалт бүр дээр нь Татварын байгууллагын албан ёсны санал авах ёстой, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллага нь татварыг бууруулах талаар зар сурталчилгаа явуулахыг хэрхэн зохицуулахаар хуулийн төсөлд тусгасан талаар санал гаргаж байв.
Татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагааны тухай хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томъёололыг Та бүхэнд тараасан болно.
Татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагааны тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагааны тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаар Төсвийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн, шийдвэрлэж өгөхийг хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.
ТӨСВИЙН БАЙНГЫН
ХОРООНЫ ДАРГА Ц.ДАВААСҮРЭН