Цэс

Холбоо барих

Татварын мэргэшсэн зөвлөхийн үйлчилгээний тухай хуулийн төслийн талаар Төсвийн байнгын хорооны Ажлын хэсгээс гаргасан саналын томьёолол

2012.12.17 1.Хуулийн төслийн нэрийг “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай” гэж өөрчлөх 2.Төслийн 3 дугаар зүйлийн 3.1.1-3.1.5 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулах: “3.1.1.“татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ” гэж татвар төлөгчид татвар төлөх үүргээ биелүүлэх, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн үйлчлүүлэгчид үзүүлэх мэргэшсэн зөвлөх үйл ажиллагааг; 3.1.2.“татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээд’ гэж тусгай зөвшөөрлийн үндсэн дээр энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг эрхлэх ашгийн төлөө хуулийн этгээдийг; 3.1.3.“татварын мэргэшсэн зөвлөх” гэж татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрхтэй, татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдэд ажиллах татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч, татварын итгэмжлэгдсэн эрх зүйчийг;” 3.1.8.“хувийн тэмдэг” гэж татварын мэргэшсэн зөвлөхөд түүнийг зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрхтэйг гэрчлэх таних тэмдгийг “ 3.Төслийн 3 дугаар зүйлийн 3.1.10-ийг хасах 4.Төсөлд дор дурдсан агуулгатай зүйл нэмэх: “... дүгээр зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ 1.Өмчийн хэлбэрээс үл хамааран аж ахуй нэгж, байгууллага, хувь хүн хууль тогтоомжид заасан татвар төлөх үүргээ биелүүлэх, эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдээс мэргэшсэн зөвлөх үйлчилгээ авахад энэ хууль үйлчилнэ. 2.Татварын мэргэшсэн зөвлөх татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээнээс өөр төрлийн ажил эрхэлж байгаа тохиолдолд энэ хуулийн зохицуулалтад хамаарахгүй.” 5.Төслийн “Татварын мэргэшсэн зөвлөхийн эрхлэх үйл ажиллагаа” гэсэн 4 дүгээр зүйлийг “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ” гэсэн 10 дугаар зүйл болгож, дор дурдсанаар өөрчлөн найруулах “10 дугаар зүйл.Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ 10.1.Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээнд /цаашид зөвлөх үйлчилгээ гэх/ дараах үйл ажиллагааг хамааруулна: 10.1.1.татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан мэргэжлийн туслалцаа үзүүлэх, хууль зүйн зөвлөгөө өгөх, татварын хууль тогтоомжийг сурталчлан таниулах 10.1.2.хууль тогтоомжийн дагуу татварын тооцоо, тохируулга хийх, анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримтын бүрдлийг хянах, татварын нөлөөллийг бүртгэх, батлагдсан маягтын дагуу татварын тайланг гаргах 10.1.3.үйлчлүүлэгчийн нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайланг гаргах 10.1.4.шүүхийн болон захиргааны журмаар татвар үйлчлүүлэгчтэй холбогдсон татварын маргааныг хянан шийдвэрлэхэд итгэмжлэлийн үндсэн дээр түүнийг төлөөлөн оролцох, шаардлагатай тайлбар, лавлагааг гаргах, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх 10.1.5.татварын алба, холбогдох бусад этгээдтэй үйлчлүүлэгчийг төлөөлөн харилцах,“ 6.Төслийн 6 дугаар зүйл, 19 дүгээр зүйлийг нэгтгэн ”Татварын мэргэшсэн зөвлөхөд тавигдах шаардлага” гэсэн 15 дугаар зүйл болгож, дор дурдсанаар өөрчлөн найруулах: “15 дугаар зүйл. Татварын мэргэшсэн зөвлөхөд тавигдах шаардлага 15.1.Татварын мэргэшсэн зөвлөх дараах шаардлагыг хангасан байна: “15.1.1.татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч нь нягтлан бодогч, эдийн засагчийн, татварын итгэмжлэгдсэн эрх зүйч нь эрх зүйч мэргэжлээр бакалавр, түүнээс дээш зэрэгтэй байх; 15.1.2.нягтлан бодогч, эдийн засагч, эрх зүйч мэргэжлээрээ тав түүнээс доошгүй жил ажилласан, ажлын туршлага, ур чадвартай байх; 15.1.3.татварын мэргэшсэн зөвлөхийн эрхийн шалгалтад тэнцсэн байх 15.1.4.татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн үндсэн орон тоон дээр ажилладаг татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч өөр байгууллагад эрдэм шинжилгээ, сургалтын чиглэлээс өөр давхар ажил эрхлэхгүй, түүнчлэн бусад татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдэд гэрээгээр ажиллахгүй байх; 15.1.5.өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх бол Хууьчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу хуульчийн мэргэжлийн шалгалт өгч тэнцсэн, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх” 15.2.Татварын мэргэшсэн зөвлөх нь тангараг өргөх ба гэрчилгээ, үнэмлэх, хувийн тэмдэгтэй байна.” 7. Төслийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.3 хэсгийг 14 дүгээр зүйл болгон дор дурдсанаар өөрчлөн найруулах: “14 дүгээр зүйл.Татварын мэргэшсэн зөвлөхөд эрх олгох, түүний хугацааг сунгах 14.1.Татварын мэргэшсэн зөвлөхийн шалгалтад тэнцсэн хүнд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн татварын мэргэшсэн зөвлөхийн эрх олгож, хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгоно. 14.2.Татварын мэргэшсэн зөвлөхөд эрх олгох, сунгах, шалгалт авах журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. 14.3.Шалгалтын бүрэлдэхүүн нь 9 гишүүнтэй бөгөөд тэдгээрийн гурвыг эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагаас, гурвыг Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгээс, гурвыг төрийн байгуулагаас нэр дэвшүүлэн, санал болгосны дагуу санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. 14.4.Шалгалтын бүрэлдэхүүнд нэг жил тутамд өөрчлөлт оруулна. 14.5.Татварын мэргэшсэн зөвлөхийн эрхийг гурван жилийн хугацаагаар олгоно. 14.6.Эрх олгосон, эсхүл эрхийг нь хүчингүй болгосон татварын мэргэшсэн зөвлөхийн нэрсийг Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг тухай бүр нийтэд мэдээлнэ.” 8.Төслийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулах: 18 дугаар зүйл.Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг 18.1.Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг /цаашид Нийгэмлэг гэх/ нь татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээд, татварын мэргэшсэн зөвлөхүүдийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, эрх ашгийг хамгаалах зорилготой төрийн бус байгууллага мөн. 18.2.Нийгэмлэг нь зөвлөх үйлчилгээний талаар дараах эрх, үүрэгтэй: 18.2.1.татварын мэргэшсэн зөвлөхийн ёс зүйн дүрмийг батлан, мөрдүүлэх, түүний хэрэгжилтэд хяналт тавих, 18.2.2.татварын хууль, тогтоомжийг боловсронгуй болгох саналаа төрийн эрх бүхий байгууллагад оруулах 18.2.3.тангараг өргөх, татварын мэргэшсэн зөвлөхийн үнэмлэх, хувийн тэмдгийн загвар, түүнийг олгох, ашиглахтай холбогдсон журмыг батлах 18.2.4.мэргэжлийн сургалт, татварын мэргэшсэн зөвлөхийн эрх олгох, сунгах шалгалтыг зохион байгуулах 18.2.5.татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдийг мэргэжлийн арга зүй, үйл ажиллагаандаа мөрдөх гарын авлага, мэдээллээр хангах, 18.2.6.татварын мэргэшсэн зөвлөх, татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн бүртгэл, мэдээлийн санг бүрдүүлэх” 9.Төслийн “Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчийн эрх, эрхийн гэрчилгээ, хувийн тэмдэг” гэсэн 8 дугаар зүйл, “Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчийн тангараг, ёс зүйн дүрэм” гэсэн 9 дүгээр зүйлийг хасах 10.Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч, татварын зөвлөхийн эрх, үүрэгтэй холбоотой 10, 11, 20, 21 дүгээр зүйлийг “Татварын мэргэшсэн зөвлөхийн эрх, үүрэг” гэсэн 16 дугаар зүйл болгон нэгтгэн дор дурдсанаар өөрчлөн найруулах: “16 дугаар зүйл.Татварын мэргэшсэн зөвлөхийн эрх, үүрэг 16.1.Татварын мэргэшсэн зөвлөх энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ: 16.1.1.гэрээнд заасан ажлын хүрээнд энэ хуулийн 7.1.2-т заасан мэдээллийг үйлчлүүлэгчээс гаргуулан авах 16.1.2.зөвлөх үйлчилгээг үзүүлэх явцад үйлчлүүлэгч энэ хуулийн 20.3 т заасан үйлдлийг гаргасан тохиолдолд ажил гүйцэтгэхээс татгалзах, энэ тухайгаа татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдэд мэдэгдэх 16.1.3.татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг энэ хуулийн 11.1.3-т заасан гэрээний дагуу гүйцэтгэх; 16.1.4.татварын тайланг хянах явцад алдаа, зөрчил илэрсэн бол түүнийг засахад нь туслах, зөвлөгөө өгөх 16.1.5.татварын мэргэшсэн зөвлөхийн эрхээ сунгуулахдаа энэ хуулийн 18.2.4-т заасан сургалтад хамрагдаж, шалгалт өгсөн байх; 16.1.6.татварын мэргэшсэн зөвлөхийн ёс зүйн дүрмийг мөрдөх;” 11.Татварын итгэмжлэгчдсэн нгятлан бодогчийн эрхийн хязгаар “гэсэн 12 дугаар зүйл, “Татварын зөвлөхийн эрхийн хязгаар” гэсэн 22 дугаар зүйлийг нэгтгэн ”Зөвлөх үйлчилгээний талаар холбогдох этгээдийн үйл ажиллагаанд хориглох зүйл” гэсэн 20 дугаар зүйл болгон, дор дурдсанаар өөрчлөн найруулах: “20 дугаар зүйл. Зөвлөх үйлчилгээний талаар холбогдох этгээдийн үйл ажиллагаанд хориглох зүйл 20.1.Татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 20.1.1.татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх ажиллагаанд оролцох; 20.1.2.үйлчлүүлэгчийн талаарх мэдээллийн нууцыг задруулах, хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад мэдээлэх, хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглах 20.1.3.аудитын үйл ажиллагааг давхар эрхлэхгүй байх 20.2.Энэ хуулийн 20.1.1-20.1.3 дахь заалт татварын мэргэшсэн зөвлөхөд нэгэн адил хамаарна. 20.3.Үйлчлүүлэгч нь татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдээс зөвлөх үйлчилгээг үзүүлэхэд нь хууль бус үйлдэл хийлгүүлэхээр шахалт үзүүлэх, энэ чиглэлийн удирдамж, заавар өгч, биелүүлэхийг шаардах, энэ хуулийн 5.1.1-д заасан зарчмыг алдагдуулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хориглоно. 20.4.Татварын эрх бүхий албан тушаалтан нь үйлчлүүлэгчид зөвлөх үйлчилгээг авахыг шаардах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх этгээдээ сонгоход нь нөлөөлөх үйлдэл хийхийг хориглоно.” 12.Төслийн 13 дугаар зүйлийг 17 дугааар зүйл болгон дор дурдсанаар өөрчлөн найруулах: “17 дугаар зүйл.Татварын мэргэшсэн зөвлөхийн эрхийг хүчингүй болгох 17.1.Дараах тохиолдолд татварын мэргэшсэн зөвлөхийн эрхийг эрх бүхий этгээд хүчингүй болгоно: 17.1.1. эрхийн хугацаа дууссан 17.1.2.эрх сунгах шалгалтад тэнцээгүй 17.1.3.хууль тогтоомж, ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн 17.1.4.нас барсан, эсхүл сураггүй алга болсонд тооцсон, нас барсан гэж зарласан 17.2.Энэ хуулийн 17.1.3-т заасан үндэслэлээр эрх нь хүчингүй болсон татварын мэргэшсэн зөвлөх гурван жилийн дараа зохих журмын дагуу шинээр эрх авах тухай хүсэлт гаргаж болно.” 13.Төслийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийн “татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч” гэсэн оноосон нэрийн ард “ТИН” гэсэн өргөтгөлтэй байна гэснийг “Татварын мэргэшсэн зөвлөх’ гэсэн агуулга бүхий “ТМЗ” гэсэн өргөтгөлтэй байна.гэж өөрчлөх 14.Төслийн 15 дугаар зүйлийг 9 дүгээр зүйл болгон дор дурдсанаар өөрчлөн найруулах: “9 дүгээр зүйл.Татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдэд тавигдах шаардлага 9.1.Татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдэд дараах шаардлага тавигдана: 9.1.1.үүсгэн байгуулагч нь татварын мэргэшсэн зөвлөх байх; 9.1.2.тав, түүнээс доошгүй тооны татварын мэргэшсэн зөвлөхтэй байх; 9.1.3.энэ хуулийн 9.1.2-т заасан бүрэлдэхүүний гуравны хоёроос доошгүй нь итгэмжлэгдсэн нягтлан бодогч байх. 9.1.4.үйл ажиллагаа явуулах ажлын байр, техник хэрэгсэл, програм хангамжтай байх, 9.1.5.үйл ажиллагаандаа ашиглах гарын авлага, аргачлал, арга зүйгээр хангагдсан байх; 9.1.6.татварын мэргэшсэн зөвлөхийн үйлчилгээний ажлын баримтыг хадгалах зориулалтын архивтай байх 9.1.7.үйлчлүүлэгчийн мэдээллийн нууцлалыг хадгалах, мэдээлийн аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлсэн байх 9.1.8.татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээд салбартай бол түүнд хоёр, түүнээс доошгүй орон тооны татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч ажиллуулах;” 15.Төсөлд дор дурдсан агуулгатай 11 дүгээр зүйл нэмэх: “11 дүгээр зүйл.Татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн эрх, үүрэг 11.1.Татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээд нь зөвлөх үйлчилгээний талаар дараах эрх, үүрэгтэй: 11.1.1.татварын хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудлаар саналаа энэ хуулийн 18.1-д заасан этгээдэд хүргүүлэх 11.1.2.ажил гүйцэтгэхээс татгалзах тухай татварын мэргэшсэн зөвлөхөөс ирүүлсэн энэ хуулийн 16.1.2-т заасан мэдэгдлийг үндэслэн гэрээнд заасан ажил гүйцэтгэхээс татгалзах 11.1.3.энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан зөвлөх үйлчилгээг үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үзүүлэх 11.1.4.үйлчлүүлэгчийн өмнөөс үйлдсэн, шалгасан татварын тайлан, бусад бичиг баримтад татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн удирдах эрх бүхий албан тушаалтан, эсхүл түүнээс эрх олгосон этгээд гарын үсгээ зурж, хуулийн этгээдийн тэмдгийг дарж баталгаажуулах; 11.1.5.тусгай зөвшөөрөл авсан, эсхүл тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон тохиолдолд энэ тухайгаа энэ хуулийн 18.1-д заасан этгээдэд тухай бүрд нь мэдэгдэх 15.Төслийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийн “Татварын ерөнхий газарт” гэснийг “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага” гэж өөрчлөн, дор дурдсан агуулгатай заалт нэмэх: “12.1.5.тусгай зөвшөөрөл хүсэгч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлт, хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр. 12.1.7.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт” 16.Төслийн 16 дугаар зүйлийн 16.2.7, 16.2.8 дахь заалтыг хасах 17.Төслийн 16 дугаар зүйлийн 16.3-ыг дор дурдсанаар өөрчлөн найруулах: “16.3.Татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, хугацааг сунгах болон энэ хуулиар зохицуулаагүй бусад харилцааг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна.” 18.Төслийн “Татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх нягтлан бодогч” гэсэн 17 дугаар зүйлийг хасах 19.Төслийн 18 дүгээр зүйлийг 13 дугаар зүйл болгон дараах байдлаар өөрчлөн найруулах: “13 дугаар зүйл.Татварын мэргэшсэн зөвлөхийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох 13.1.Энэ хуулийн 9 дүгээр зүйл, 20.1.3-д заасныг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрөл олгосон эрх бүхий этгээд татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 хүртэлх сарын хугацаагаар түдгэлзүүлнэ. 13.2.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаас гадна энэ хуулийн 20.1.1, 20.1.2-т заасныг зөрчсөн тохиолдолд татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно. 13.3.Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг нь тусгай зөвшөөрөл олгогдсон болон тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгосон татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдийг тухай бүр нийтэд мэдээлнэ.” 20.Төслийн 23 дугаар зүйлийг 6 дугаар зүйл болгон дор дурдсанаар өөрчлөн найруулах: “6 дугаар зүйл.Үйлчлүүлэгчийн эрх 6.1.Үйлчлүүлэгч татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний талаар дараах эрхтэй: 6.1.1.зөвлөх үйлчилгээг сайн дурын үндсэн дээр авах; 6.1.2.татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдийг сонгох; 6.1.3.татварын ногдлыг өөрөө тодорхойлон, төлөх үүргээ биелүүлэхдээ мэргэжлийн туслалцаа авах; 6.1.4.татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний талаарх гомдлоо хуульд заасны дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргах; 6.1.5.татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийг тухайн хуулийн этгээдээс шаардах. 21.Төслийн 24 дүгээр зүйлийг 7 дугаар зүйл болгон дор дурдсанаар өөрчлөн найруулах: 7 дугаар зүйл. Үйлчлүүлэгчийн үүрэг 7.1.Үйлчлүүлэгч нь татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний талаар дараах үүрэгтэй: 7.1.1.татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх нөхцөл, бололцоогоор хангах 7.1.2.татварын мэргэшсэн зөвлөхийн үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах бичиг баримт, анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримт, тайлан, мэдээг бичгээр гаргаж өгөх 7.1.3.татвар ногдуулалт, төлөлтэй холбоотой энэ хуулийн 7.1.2-т заасан мэдээллийн үнэн зөвийг хариуцах 22.Төсөлд дор дурдсан агуулгатай зүйл нэмэх: “19 дүгаар зүйл.Зөвлөх үйлчилгээнд тавих хяналт 19.1.Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний хууль тогтоомжийн биелэлтэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулага хяналт тавина. 19.2.Татварын мэргэшсэн зөвлөхийн ёс зүйн дүрмийн биелэлтэд Нийгэмлэг хяналт тавина.“ 23.Төслийн 25 дугаар зүйлийг “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай хууль тогтоомжийг зөрчигчид хүлээлгэх хариуцлага” гэсэн бүлэг болгон, түүнд дор дурдсан агуулгатай 21, 22 дугаар зүйлийг нэмж тусгах: “ТАВДУГААР БҮЛЭГ.ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ЗӨРЧИГЧИД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА “21 дүгээр зүйл.Татварын мэргэшсэн зөвлөхийн ёс зүйн зөрчилд хүлээлгэх хариуцлага 21.1.Татварын мэргэшсэн зөвлөхийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн этгээдэд Нийгэмлэг ёс зүйн зөрчлийн шинж байдлыг харгалзан сануулах арга хэмжээ авна. 21.2. Татварын мэргэшсэн зөвлөхийн ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн бол Нийгэмлэг татварын мэргэшсэн зөвлөхийн эрхийг хүчингүй болгох саналаа санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд гаргана. 21.3.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Нийгэмлэгийн саналыг үндэслэн мэргэшсэн зөвлөхийн эрхийг хүчингүй болгоно. 21.4.Татварын мэргэшсэн зөвлөх Нийгэмлэгийн саналыг эс зөвшөөрвөл санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд гомдол гаргаж болно. 22 дугаар зүйл. Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага 22.1.Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүхч, эсхүл улсын байцаагч дор дурдсан захиргааны хариуцлага ногдуулна: 22.1.1.Татварын мэргэшсэн зөвлөх энэ хуулийн 20.1.1, 20.1.2-т заасныг зөрчсөн тохиолдолд татварын мэргэшсэн зөвлөхийн эрхийг хүчингүй болгож, нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 22.1.2.энэ хуулийн 20.1.3-д заасныг зөрчсөн тохиолдолд татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлогыг хураах. 22.1.3.энэ хуулийн 15.1.4-т заасныг зөрчсөн татварын мэргэшсэн зөвлөхийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хууль бусаар олсон орлогыг хураах 22.1.4.энэ хуульд заасан эрх, тусгай зөвшөөрөлийг авахгүйгээр зөвлөх үйлчилгээ эрхэлсэн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлогыг хураах. 22.1.5.энэ хуулийн 20.3-т заасныг зөрчсөн үйлчлүүлэгчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох. 22.1.6.Нийгэмлэг энэ хуулийн 13.3, 14.3-т заасан нийтэд мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох. 22.2.Энэ хуулийн 20.1.1, 20.1.2-т заасан зөрчлийн улмаас учирсан хохирлыг татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээд нөхөн төлнө. 22.3.Татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээд энэ хуулийн 11.1.2-т заасан үүргээ биелүүлээгүйгээс үүсэх хариуцлагыг татварын мэргэшсэн зөвлөх хүлээхгүй. 22.4.Татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн өгсөн зөвлөгөөг хүлээн аваагүйгээс үүсэх хариуцлагыг тухайн хуулийн этгээд хүлээхгүй. 22.5.Татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн буруутай үйл ажиллагаанаас үүссэн татварын зөрчилтэй холбогдуулан үйлчлүүлэгчид ногдуулсан татварын хүү, торгууль, алдангитай холбоотой зардлыг татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээд хариуцна. 22.6.Энэ хуульд заасны дагуу захиргааны шийтгэл ногдуулсан нь гэм буруутай этгээдийг учруулсан хохирлоо төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. 22.7.Энэ хуулийн 20.4-т заасныг зөрчсөн төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуульд заасны дагуу эрх бүхий албан тушаалтан сахилгын шийтгэл ногдуулна.” Найруулгын санал 1.Төслийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийг дор дурдсанаар дурдсанаар өөрчлөн найруулах “1.1.Энэ хуулийн зорилт нь татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх зүйн үндсийг тогтоох, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх этгээдэд тавигдах шаардлага, үйл ажиллагааны зарчим, эрх, үүргийг тодорхойлох, тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. “ 2.Төслийн 2.1-ийн “хууль” гэсний дараа ”Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль” гэж нэмэх 3.Төслийн 3.1.5, 3.1.7-г дор дурдсанаар найруулах “3.1.5.“татварын бүртгэл” гэж албан татвар, төлбөр, хураамж, нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой ажил гүйлгээ, татварын нөлөөллийг тооцох, бүртгэх үйл ажиллагааг; 3.1.7.“ажлын баримт” гэж энэ хуульд заасан үйлчилгээ үзүүлсэн тухай бичиг баримт, хуулбар, судалгаа, тооцоолол, шинжилгээний материал, хөтөлсөн тэмдэглэл, энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан этгээдээс баталж, мөрдүүлэх гарын авлагын дагуу бүрдүүлсэн баримт бичгийг.” 4.Төслийн 2 дугаар бүлгийг төслийн 19, 20, 21 дүгээр зүйлтэй нэгтгэн “Татварын мэргэшсэн зөвлөхөд эрх олгох,татварын мэргэшсэн зөвлөхийн эрх, үүрэг, тавигдах шаардлага” гэсэн бүлэг болгон найруулах 5.Төслийн 13 зүйлийн гарчгийг “Татварын мэргэшсэн зөвлөхийн эрхийг хүчингүй болгох” гэж өөрчлөн найруулах 6.Төслийн “Татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл” гэсэн 16 дугаар зүйлийг “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл” гэж найруулах 7.”Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчийн эрх дуусгавар болох” гэсэн 13 дугаар зүйлийг “Татварын мэргэшсэн зөвлөхийн эрхийг хүчингүй болгох” гэсэн зүйл болгон найруулах 8.Төслийн “Татварын итгэмжлэгдсэн этгээд” гэсэн 3 дугаар бүлгийг ”Татварын зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх бүхий этгээд, түүнд тавигдах шаардлага, үйл ажиллагаа, эрх үүрэг” гэсэн бүлэг болгон найруулах 9.Төслийн ”Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч, татварын зөвлөх” гэснийг тохиолдол бүрт нь “татварын мэргэшсэн мэргэшсэн зөвлөх” гэж өөрчлөх 10.Төслийн “Татварын итгэмжлэгдсэн этгээд” гэснийг тохиолдол бүрт нь “татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээд” гэж өөрчлөх Ажлын хэсэг
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл