Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 31 дэх дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2015 оны 31 дэх дугаар өнөөдөр /2015.08.21/ хэвлэгдэн гарлаа.

Эмхэтгэлийн шинэ дугаарт Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль, Комисс байгуулах тухай УИХ-ын тогтоолыг нийтлэв.

Монгол Улсын Засгийн газар Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд УИХ уг хуулийн төслийг УИХ-ын 2015 оны ээлжит бус чуулганаараа хэлэлцэн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр баталсан.

Энэ хуулиар 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн зарим этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, захиргааны хариуцлага хүлээсэн этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхөөр заасан.

Өршөөлийн тухай хуулиар өршөөлийг дараах байдлаар үзүүлэхээр зохицуулсан. Үүнд:

- зарим этгээдийг ял, шийтгэлээс бүрэн өршөөн хэлтрүүлэх;

-зарим этгээдийн ялаас тодорхой хугацааг өршөөн хасах;

-зарим хугацааг хэрэгсэхгүй болгох;

-эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохоор заажээ. Энэхүү хуультай “Төрийн мэдээлэл” эмхэтгэлээс бүрэн эхээр нь танилцах боломжтой.

Мөн дугаарт Галт зэвсгийн тухай хуулийг нийтэллээ. Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг хангах, галт зэвсэг, сумны эргэлтэд хяналт тавьж, аюулгүй ажиллагааг мөрдүүлэхэд энэ хуулийн зорилго оршиж байгаа юм.

Ан агнах, буудлагын спорт-сургалтаар хичээллэх, үзмэр, цуглуулгын зорилгоор Монгол Улсын иргэний өмчилж, эзэмшиж байгаа галт зэвсгийг иргэний зориулалттай галт зэвсэг гэж тодорхойлсон бөгөөд ан агнах зорилгоор ашиглах галт зэвсэг нь автоматаар, эсхүл өөрөө цэнэглэгдэх боломжгүй, хүхээгт нь арав, түүнээс цөөн сум орох багтаамжтай, үйлдвэрийн хийцийг нь өөрчлөөгүй, сумны хошуу нь зүрхэвчгүй байхаар хуульчилсан болно. Хуульд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээд зөвхөн үзмэр, цуглуулгын болон спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх зорилгоор иргэний зориулалттай галт зэвсэг өмчилж болохоор тусгасан байна.

Галт зэвсгийн тухай хуулиар мөн галт зэвсгийн өмчлөх, эзэмших, ашиглах, бүртгүүлэх, галт зэвсгийн гэрчилгээ олгох, хадгалах холбогдсон харилцааг зохицуулсан. Тухайлбал, хуульд өөрөөр заагаагүй бол 21 нас хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, галт зэвсэг ашиглаж гэмт хэрэг санаатай үйлдэж байгаагүй, галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан Монгол Улсын иргэн, иргэний зориулалттай галт зэвсэг өмчлөгч байж болохоор заасан.

Эмхэтгэлийн шинэ дугаарт Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг нийтэллээ.

2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө татварын албанд тухайн төрлийн албан татвар төлөгчөөр, нийгмийн даатгалд ажил олгогчоор, эд хөрөнгө, үйл ажиллагаагаа улсын бүртгэлд бүртгүүлсэн, санхүү, татварын тайлангаа гаргасан байвал зохих хувь хүн, хуулийн этгээд нь ийнхүү бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй боловч ил болгож мэдээлэх хугацаанд холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн, тайлагнасан бол, мөн хөрөнгө, орлогоо бүртгүүлээгүй, мэдүүлээгүй боловч ил болгож мэдээлэх хугацаанд холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн бол дараах хуульд заасан бүртгэлд хамрагдаагүй, албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлөхөөр хуульд тусгасан юм хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл