Цэс

Холбоо барих

2012 онд 683 эрх зүйн акт албан ёсоор нийтлэгджээ

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн  энэ оны сүүлчийн дугаар маргааш хэвлэгдэн гарах гэж байна. Түүнд, Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэллээ. Сангийн тухайн жилийн төсвийн алдагдлыг Засгийн газрын бонд, өрийн бичиг, зээл, үнэт цаас гарган санхүүжүүлж, үндсэн болон хүүгийн төлбөрийг сангаас төлж болно гэсэн, мөн Хүний хөгжил сангийн тухайн жилийн төсвийн тухай хуулиар хүүхдийн мөнгөнд төсөвлөгдсөн хөрөнгөөс зарцуулагдаагүй үлдэгдлийг зөвхөн хүүхдийн хөгжлийг дэмжих зориулалтаар дараа жилийн төсвийн хөрөнгө оруулалтын арга хэмжээнд тусган зарцуулахаар энэ хуульд заасан байна.

Мөн дугаарт, Монгол Улсын Их Хурлын зарим гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай , Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтлэв.

 Шинэ дугаарт, Цэргийн анги, байгууллагыг нэгтгэн, өөрчлөн зохион байгуулах тухай Засгийн газрын тогтоолоос гадна  Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолыг нийтэллээ.

Энэ тогтоолоор Эрүүл мэндийг дэмжих сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулж түүнчлэн Эрүүл мэндийг дэмжих сангийн дүрэмд, “архи согтууруулах ундааны онцгой албан татварын 1 хувь”, “эмийн импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын 2 хувьтай тэнцэх хөрөнгө” гэсэн агуулга бүхий заалтыг нэмсэн байна. Түүнээс гадна нийтийн биеийн тамир, хүн амын идэвхтэй хөдөлгөөнийг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх, нийтийн биеийн тамир, идэвхтэй хөдөлгөөний ач холбогдлын талаар мэдээлэл, сургалт, сурталчилгаа явуулах, эмнэлгийн мэргэжилтний чадавхийг бэхжүүлэх төсөл, арга хэмжээг орон нутгийн захиалгаар зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг заалтыг тус тус нэмжээ.

Эмхэтгэлийн шинэ дугаарт, Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийн 1 дүгээр хавсралтын зарим хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг бүрэн эхээр нь нийтэллээ.

2012 онд Улсын Их Хурлын Тамгын газраас эрхлэн гаргадаг долоо хоног тутмын  “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 48 дугаарт,  Монгол Улсын хууль 278, Улсын Их Хурлын тогтоол 129, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 83, Засгийн газрын тогтоол 181 зэрэг нийт 683 эрх зүйн акт  албан ёсоор нийтлэгдсэн байна.

 

                        “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн редакци

                  2012 оны 12 дугаар сарын 24

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл