Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2014 оны 6 дахь дугаарын тойм

Улсын Их Хурлын Тамгын газраас эрхлэн гаргаж буй долоо хоног тутмын хэвлэл- “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар уншигчдын гар дээр очиж байна.

Энэ дугаарт, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиас гадна “ДЦС-4” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг Т-120/130-130-8МО турбинаар өргөтгөх барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмж, сэлбэг материал, багаж хэрэгслийг импортлоход гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулиудыг тус тус нийтэллээ.

Мөн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан “Улаанбаатар хотын 4 дүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон батлах тухай хуулийг нийтлэв.

Түүнчлэн Газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх хөтөлбөрийн тухай, Монгол судлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтэллээ.

Энэ тогтоолоор Монгол судлалыг хөгжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар” /Н.Алтанхуяг/-т даалгасны дотор Монгол судлалыг хөгжүүлэх бодлого боловсруулан хэрэгжүүлэх, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий Монгол судлалын үндэсний зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд байгуулж ажиллуулах, Монголын түүх, нийгэм, соёл, хэл, зан заншил, үндэсний баялаг өв сангаа судлах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэх, хилийн чанадад болон дотоодод монгол судлалыг тогтвортой хөгжүүлэхэд Монгол судлалын үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг чиглүүлж, холбогдох дүрэм, журмыг боловсруулан баталж мөрдүүлэхийг тус тус даалгажээ.

Үүнээс гадна Төрийн аудитын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл буцаах тухай, Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 01 дүгээр дүгнэлтийн тухай, Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Нууц Протоколыг ил болгох тухай зэрэг Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтлэв.

Эмхэтгэлд нийтлэгдсэн Засгийн газрын тогтоолоор, “Байгаль орчны стратегийн болон хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний”, “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журам”-ыг тус тус баталжээ.

Засгийн газрын өөр нэг тогтоолоор Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг баталсан байна. Энэ тогтоолыг хавсралтын хамт эмхэтгэлд бүрэн эхээр нь нийтлэв гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

2014 оны 2 дугаар сарын 10
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл