Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 34 дэх дугаарын тойм

 “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2015 оны 34 дэх дугаар өнөөдөр /2015.09.14/ хэвлэгдэн гарлаа.

Эмхэтгэлийн шинэ дугаарт Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн гурван зарлиг, Монгол Улсын Засгийн газрын хоёр тогтоолыг нийтлэв. Үүнд: Засгийн газраас 2015 оны долдугаар сарын 7-нд баталсан Бүтэц, зохион байгуулалтын зардлын талаар авах зарим арга хэмжээний тухай 281 тоот тогтоол, мөн энэ өдөр баталсан Аргачлал батлах тухай 288 тоот тогтоол тус тус болно.

Бүтэц, зохион байгуулалтын зардлын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолоор Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрийн дагуу төсвийн зарим байгууллагад хийсэн бүтцийн өөрчлөлттэй холбогдон гарсан тодорхой зардлын асуудлыг 2015 оны тавдугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон эцэслэн шийдвэрлэхийг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгаж, шаардагдах хөрөнгийг 2015 оны улсын төсвийн зохих эх үүсвэрээс санхүүжүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт болон Сангийн сайдад зөвшөөрсөн байна.

Харин Аргачлал батлах тухай 288 тоот тогтоолоор Хог хаягдлын тухай хуулийн 6.1.4-т заасныг үндэслэн Хог хаягдлын норматив тогтоох аргачлалыг хавсралт ёсоор баталж, энэхүү аргачлалын хэрэгжилтэд хяналт тавьж, мэргэжил, арга зүйн хувьд дэмжиж ажиллахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад даалгажээ. Мөн тогтоолд хавсаргасан Хог хаягдлын норматив тогтоох аргачлалын дагуу 2015 оны III улиралд багтаан салбарын хог хаягдлын нормативыг тогтоож мөрдүүлэхийг холбогдох сайд нарт даалгасан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл