Цэс

Холбоо барих

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БЭЛТГЭСЭН ТУХАЙ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ САНАЛ, ДҮГНЭЛТ

2012 оны 12 дугаар сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот
Илтгэгч нь: Улсын Их Хурлын
гишүүн С.Баярцогт

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн билээ.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх асуудлыг хэлэлцээд дараах санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж байна.

Байнгын хорооны хуралдаан дээр хуулийн төсөлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт “Хуулийн төслийн 3 дугаар зүйлийн “22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийн “10-19” гэснийг “15-19” гэж, мөн хэсгийн “гурваас” гэснийг “хоёроос” гэж гэсэн заалтыг тус тус хасах санал гаргасныг Байнгын хорооноос дэмжлээ. Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл төсөлд хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын даргыг сонгохдоо хүндэтгэн үзэх шалтгаангүй бол Улсын Их Хуралд тангараг өргөсөн гишүүдийг бүрэн оролцуулсан байна” гэсэн заалт нэмэх санал гаргасныг Байнгын хорооноос дэмжээгүй болно.

Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналыг Байнгын хорооноос дэмжсэн, дэмжээгүйгээр нь ялгаж бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг эрхэм гишүүдэд хүргэсэн.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.



Анхаарал тавьсанд баярлалаа.


ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН
БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА                            А.БАКЕЙ

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл