Эмхэтгэлийн шинэ дугаарт Захиргааны ерөнхий хууль нийтэллээ. Нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэн захиргааны байгууллагаас захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт гаргах, захиргааны гэрээ байгуулах замаар иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааны эрх зүйн суурь зохицуулалтыг бүрдүүлэхэд энэ хуулийн зорилго оршиж байна. Тус хууль хууль тогтоомжийн төсөл боловсруулах болон хууль тогтоох үйл ажиллагаа, Монгол Улсын олон улсын гэрээ байгуулах үйл ажиллагаа, Үндсэн хуулийн цэц, бүх шатны шүүхийн гэмт хэрэг, эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа зэрэг харилцаанд үйлчлэхгүй ажээ.
Захиргааны үйл ажиллагаанд хуульд үндэслэх, шуурхай, тасралтгүй байх, хуульд заасан нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байх, үр нөлөөтэй байх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, ашиг сонирхолын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гарах, татгалзан гаргах боломжийг хангах, хууль ёсны итгэлийг хамгаалах гэсэн тусгай зарчмыг баримтлахаар хуульчилсан байна.
Захиргааны үйл ажиллагаа нь захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээний акт гэсэн хэлбэртэй байх аж. Энэ хуулийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм.
Эмхэтгэлд нийтлэгдсэн Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулиар, түүний үйлчлэх хүрээ, хот, суурин газрыг дахин хөгжүүлэхэд баримтлах зарчим, төрийн болон орон нутгийн байгууллагуудын бүрэн эрх зэргийг хуульчилж өгсөний зэрэгцээ хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаа ямар төрөлтэй байх, төслийг санаачлах, хэрэгжүүлэх эрх хэнд байх, төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаанд ямар үе шатыг баримтлах, гэр хорооллын газрыг ямар хэлбэрээр дахин төлөвлөн барилгажуулах, төсөл болон сонгосон талбайд ямар шаардлага тавигдах, хот, суурин газрыг дахин хөгжүүлэх ажлыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг ямар байдлаар шийдвэрлэх зэргийг тодорхой тусгажээ.
Түүнчлэн төсөл хэрэгжүүлэгч нь газрыг газраар солих, газрыг орон сууцаар солих, газрыг худалдах, худалдан авах, орон сууцыг орон сууцаар солих, орон сууцыг худалдах-худалдан авах болон бусад аргаар сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчтэй харилцан тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр шилжүүлж авах юм байна.
Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны харилцаанд оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, хөрөнгийн эргэлт, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилт бүхий Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийг дагалдаж гарсан хуулиудын хамт нийтэллээ.
Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль болон түүнийг дагалдаж гарсан хуулиудыг тус тус нийтлэв.
Эмхэтгэлд нийтлэгдсэн Галын аюулгүй байдлын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулиар, галын аюулгүй байдлыг хангах талаар нутгийн захиргааны байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг, галын аюулгүй байдлыг хангах ерөнхий шаардлага, гал түймрийн бүртгэл, судалгаа, шинжилгээ зэрэг асуудлыг зохицуулсан байна.
Эрүүл, аюулгүй орчинд хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилт бүхий Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд, хүүхэд харах үйлчилгээнд хоёр наснаас ерөнхий боловсролын сургуульд элсэх хүртэлх насны хүүхэд хамрагдах бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нас харгалзахгүйгээр хүүхэд харах үйлчилгээнд хамруулж болохоор заажээ. Түүнчлэн хүүхэд харах үйлчилгээний нэг байранд хамрагдах хүүхдийн тооны дээд хязгаар 15 байх, хүүхэд харах үйлчилгээг суурин болон явуулын хэлбэрээр зохион байгуулах, хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох журмыг Засгийн газар баталж, жил бүрийн улсын төсөвт тусган, орон нутагт хуваарилах, хүүхэд харагч нь бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, хүүхэд харах үйлчилгээний тусгай сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан, бага насны хүүхэдтэй харилцах арга зүй эзэмшсэн, халдварт болон сэтгэцийн өвчингүй, эрүүл, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, 18-аас 65 насны Монгол Улсын иргэн байх ажээ.Энэ хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Эмхэтгэлийн энэ удаагийн дугаарт, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг нийтэллээ.
Энэ хуульд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад төрийн байгууллага болон иргэн, хуулийн этгээдийн эрх, үүргийг нарийвчлан тусгасан байна.Тухайлбал, эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар болсон байна.
Хуульд, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад баримтлах техникийн ерөнхий шаардлагаас гадна хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг тодорхой тусгажээ. Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээд, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахгүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, тээврийн хэрэгслийн холбогдох баримт бичиггүй, улсын бүртгэлд хамрагдаагүй, техникийн хяналтын үзлэгт оруулаагүй, улсын бүртгэлийн дугаарын зөрчилтэй, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдол тус бүрд ямар шийтгэл оногдуулахаар болсныг энэ хуулиас дэлгэрэнгүй мэдэж болно.
Түүнээс гадна эрх бүхий этгээдээс тавьсан шаардлагыг үл биелүүлэх, хамгаалах бүс, хамгаалалтын малгай хэрэглэх, тээврийн хэрэгсэл жолоодох үед хөдөлгөөнт утас хэрэглэх зэрэг журам зөрчсөн болон тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэх, хэт удаан явах, жолоочоос бусад замын хөдөлгөөнд оролцогч этгээд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд ямар шийтгэл оногдуулахаар байгааг хуульд зүйл нэг бүрээр тусгасан байна. Энэ хуулийг 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх аж.
Эмхэтгэлд Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг хуулийг тус тус нийтэллээ.
Мөн дугаарт нийтлэгдсэн Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд тухайлбал, Төрийн байгууллага, албан тушаалтантай харилцан ажиллах, Тагнуулын ажилтны эрх, үүрэг, Тагнуулын байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчим, тагнуулын байгууллагын тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага гэсэн зүйлийг нэмжээ. Энэ хуулийг дагалдаж гарсан хэд хэдэн хуулийн хамт тус тус нийтлэв.
Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Захиргааны ерөнхий хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай, Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай зэрэг Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтэллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.