Цэс

Холбоо барих

БОХХААБХ-ны ажлын хэсгийн хуралдааны тойм

Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн хэрэгжилтийг шалгах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдааны тойм

БОХХААБХ-ны 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 08 тоот тогтоолоор байгуулагдсан Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн хэрэгжилтийг шалгах үүрэг бүхий ажлын хэсэг 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 14.00 цагт Төрийн ордны А танхимд хуралдав.
Ажлын хэсгийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, О.Баасанхүү, Байнгын хорооны зөвлөх Б.Мөнхцэцэг, референт Б.Баярмаа, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Л.Жаргалсайхан, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын мэргэжилтэн С.Болдхуяг, Ц.Батжаргал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ө.Өлзийцэцэг, Ашигт малтмалын газрын мэргэжилтэн Б.Амарбаясгалан, Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн мэргэжилтэн А.Жаргал, Онцгой байдлын ерөнхий газрын Бодлого төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын дарга Б.Мандахгэрэл нар оролцов.
Ажлын хэсгийн дүгнэлтийн төслийг ажлын хэсгийн гишүүдэд танилцуулахад УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Кожеговь” ХХК-ний газрын гүнд шар нунтаг гаргах туршилт хийх үеэр ашигласан 440 тонн хүхрийн хүчлийг аюулгүй болгох асуудлыг энэ ажлын хэсгийн дүгнэлтэд оруулах гэсэн санал хэлсэн бөгөөд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг ажлын хэсэг Байнгын хорооноос баталсан удирдамжид тусгагдсан асуудлуудын дагуу хяналт, шалгалт хийсэн бөгөөд Арева компанитай холбоотой асуудлаар тусдаа ажлын хэсэг байгуулах нь зөв гэсэн санал гаргав.
Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн хэрэгжилтийг шалгах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанаар сонсохоор тогтлоо.

Хуралдаан 15.30 цагт өндөрлөв.



БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл