Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2025.04.30)-ийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан мега төслүүдийн хэрэгжилтийн явцын талаарх мэдээллийг сонсож, хэлэлцлээ. Төслүүдийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр танилцуулав.
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 14 төслийг “мега” хэмээн тодорхойлж, нэр дурдан тусгаад байгаа юм. Эдгээрийн нэг Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг барих төсөл 868.6 тэрбум төгрөгийн өртөгтэй бөгөөд техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), зураг төсөл боловсруулах ажлыг “Тавантолгой төмөр зам” ХХК болон “Хятадын зураг төслийн групп” компани гэрээ байгуулан гүйцэтгэжээ. Улсын Их Хурлаас өгсөн чиглэлийн дагуу Засгийн газар БНХАУ-ын Засгийн газартай энэ сарын эхээр хэлэлцээр байгуулж, хамтын ажиллагааг эхлүүлээд байна. Мөн Шивээхүрэн-Сэхээ болон Ханги-Мандал боомтын төмөр замын барилгын ажил төр, хувийн хэвшлийн санхүүжилтээр бүрэн дууссан бөгөөд хил холболтын ажлуудыг эхлүүлж байна.
Чойбалсан-Бичигт чиглэлийн төмөр замын төслийн судалгаа, холбогдох баримт бичгийн орчуулга хийгдэж буй бол Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийн санхүүжилтийг БНХАУ-ын Засгийн газрын 1.0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шийдвэрлэхээр болсон байна. БНХАУ-ын Экспорт-Импорт банкнаас төслийн үнэлгээг хийж дууссан бөгөөд төмөр замын суурийн ажил, хүнд даацын автомашин өнгөрүүлэх гүүр, хоолой, кольц, техник засварын цехийн талбай болон байгаль орчин, археологи, палеонтологийн хайгуул судалгааны ажлууд мөнхүү хийгдэж дууссан байна. Зураг төсөл боловсруулах болон барилга угсралтын зарим ажлуудыг энэ онд дээрх хөнгөлөлттэй зээлийн 79.9 сая ам.доллараар хийхээр төлөвлөжээ.
Эгийн голын усан цахилгаан станц төслийн Байгал нуур, Сэлэнгэ мөрөнд үзүүлэх нөлөөг үнэлэх Орос-Монголын хамтарсан шинжээчдийн баг ажиллаж байна. Энэ баг дүгнэлтээ ирэх 2026 оны эхний хагаст гаргах бол “Сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэр барих” төслийн хүрээнд Засгийн газар Дэлхийн банкны Олон улсын санхүүгийн корпорацтай зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулж, “Нарны цахилгаан станцын төсөл”-ийн төслийг өрсөлдөөнт худалдан авалтын аргаар зохион байгуулах талаар “Европын сэргээн босголтын банк”-тай хамтран ажиллаж байгаа юм. Нарны цахилгаан станцыг тархмал байдлаар байгуулах боломжтой гэсэн судалгааны дүн гарсан бөгөөд нийт бүс нутагт хэрэгжүүлэхэд дамжуулах сүлжээ ямар байх талаар “Диспетчерийн үндэсний төв” төрийн өмчит компани судалгаа хийж байгаа бол Тавантолгой дулааны цахилгаан станцын төслийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах үүрэг бүхий төрийн өмчит “Тавантолгой дулааны цахилгаан станц” хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК)-ийг байгуулсан байна. Тус компани төслийн техник эдийн засгийн үндэслэл холбогдох судалгаа тооцоолол, зөвшөөрөл, техникийн нөхцөл, газар эзэмших эрх авах зэрэг бэлтгэл ажлуудыг хангаад байгаа бөгөөд эхний ээлжинд 300МВт-аар төслийн барилга угсралт, санхүүжилтийг шийдвэрлэхээр Засгийн газар тогтоод байгаа юм. Мөн Тавантолгойн үйлдвэр технологийн парк-Тавантолгой кокс химийн цогцолбор төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 2.7 их наяд төгрөгийн төсөвт өртгөөр бүтээн байгуулахаар төлөвлөсөн бол Багануурын үйлдвэр технологийн парк-Нүүрс химийн “Хөх нүүрс” цогцолборын төслийг Нялга-Чойрын хүрэн нүүрсний ордыг түшиглэн байгуулахаар төлөвлөж, “Хөх нүүрсний үйлдвэр”-ийн эхний шатыг 2026 онд ашиглалтад оруулахаар ажиллаж буй юм.
Харин Эрдэнэтийн үйлдвэр технологийн парк болон зэс боловсруулах үйлдвэр төслийн ерөнхий төлөвлөгөө, дэд бүтцийн эх үүсвэрийн судалгааг хийхээр, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан бөгөөд энэ зургадугаар сард багтаан ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах юм. Дарханы үйлдвэр технологийн парк-Дарханы төмөрлөгийн үйлдвэр төслийн хүрээнд нойтон баяжуулах болон хорголжийн үйлдвэр, ширэм хайлах, ган хийцлэлийн үйлдвэрүүдийг тус тус байгуулах бөгөөд энэхүү гангийн цогцолборыг байгуулснаар энэ төрлийн бүтээгдэхүүнээс хамаарах валютын гадагшлах урсгалыг хязгаарлаж, зарим төрлийн эцсийн бүтээгдэхүүнээс экспортын нэмэлт орлого олох боломж бүрдэнэ. Өнөөдрийн байдлаар газрын асуудлыг шийдвэрлэж, төслийн техник, технологийн шийдэл, бүтээн байгуулалтын бэлэн байдал, санхүүжилтийн эх үүсвэрийг судалж байна. Мөн Алт цэвэршүүлэх үйлдвэр төслийг хэрэгжүүлснээр газрын хэвлий доорх алт, мөнгө, үнэт металлыг өөрсдөө боловсруулж, дэлхийн стандартад нийцсэн алтан болон мөнгөн гулдмай, бэлэг дурсгалын гулдмай, үрэл, ялтас зэрэг цэвэршүүлсэн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэнэ.
Орхон-Онги, Хэрлэн-Тоонот ус дамжуулах хоолой барих төслийн нийт төсөв 2.7 их наяд төгрөг болох ба үүнийг төр, хувийн хэвшлийн түншлэл болон бусад эх үүсвэрээр санхүүжүүлэхээр Засгийн газар төлөвлөсөн байна. “Хэрлэн-Тооно” төслийн судалгааг Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор төслийн хүрээнд хийсэн бол “Орхон-Онги” төслийн хүрээнд Орхон гол-Мандал-Овоо (Улаан нуур) чиглэлд 307 км, Мандал-Овоо-Тавантолгой чиглэлд 202 км ус дамжуулах хоолой барихад нийт 1.1 их наяд төгрөгийн санхүүжилт шаардагдаж буй юм.
Монгол-Францын хамтарсан “Уран олборлох” төслийг Бүгд Найрамдах Франц Улс (БНФУ)-ын Засгийн газрын 1.6 тэрбум төгрөгийн шууд хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх бөгөөд энэ 2025 онд 95.8 сая ам.долларын санхүүжилт хийгдэнэ. Төсөл хэрэгжих Зөөвч-Овоо ураны ордод газар дор уусган олборлох үйлдвэрлэлийн туршилтаар нийт 10.5 тонн цэвэр уран бүхий 27.5 тонн шар нунтаг олборлоод байна. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл энэ оны нэгдүгээр сард Зөөвч-Овоо болон Дулаан-Уул ордуудын ТЭЗҮ-ийг хэлэлцэн баталж, Засгийн газар Францын “ “Орано Майнинг” компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан, үндсэн үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтыг 2025 оны эхний хагасаас эхлүүлэхээр ажиллаж байна.
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Эксим банк, Монгол Улсын Хөгжлийн банк, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн нийт 2.0 тэрбум ам.долларын төсөвтэй газрын тос боловсруулах цогцолбор байгуулах төслийн хэрэгжилт 25.7 хувьтай байна. Үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дөрвөн багц ажил болгон хуваарилсан бөгөөд 2024 оны есдүгээр сарын байдлаар нэгдүгээр багц буюу технологийн бус байгууламжуудын EPC 01 ажил бүрэн дууссан, дэд бүтэц, технологийн байгууламжуудын барилга угсралтын EPC 2-3 багц ажлууд хэрэгжих шатандаа байсан бол сүүлийн багц ажил буюу гүн боловсруулалтын лицензтэй технологийн байгууламжуудыг барьж байгуулах EPC 4 ажил зураг төслийн шатандаа явж байна. Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК энэ оны хоёрдугаар сард EPC 04 багц ажлын ерөнхий гүйцэтгэгч, Энэтхэгийн Megha Engineering and Infastructures Ltd компани гэрээ байгуулаад байна.
Мега төслүүдийн 14 дэх буюу Үндэсний хиймэл дагуул төслийг улсын төсөв болон БНФУ-ын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх бөгөөд 1.1 их наяд төгрөгөөр хэрэгжүүлнэ. Үндэсний хиймэл дагуулыг 2027 онд бүтээж дуусган, сансарт 36000 км-т хөөргөхөөр Засгийн газар төлөвлөж буй бөгөөд ингэснээр Монгол Улсын газар нутгийг бүрэн хамарсан, орон зайн ялгаваргүй харилцаа холбооны бие даасан сүлжээ бий болж, бүх төрлийн интернэт суурьтай харилцаа холбооны боломж бүрдэх юм.
Тэргүүн Шадар сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, Д.Жаргалсайхан, П.Мөнхтулга, Ж.Золжаргал, Г.Очирбат, Д.Энхтуяа, М.Бадамсүрэн, Д.Пүрэвдаваа, Л.Мөнхбаясгалан, Д.Батбаяр, Д.Үүрийнтуяа, Д.Бум-Очир, Байнгын хорооны дарга С.Ганбаатар нар асуулт асууж, Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга болон холбогдох яамдын төлөөллөөс хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүд эрчим хүч, дэд бүтцийн болон богино хугацаанд өгөөж өгөх төслүүдийг тэргүүн ээлжинд хэрэгжүүлж, тэдгээрээс орж ирэх үр ашгаар дараа дараагийн төслүүдийг санхүүжүүлэх, төмөр замын хил холболтын төслүүдийг эрэмбэ дарааллын дагуу, Улсын Их Хурлаар баталсан хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлэхэд анхаарах, хөдөлж эхэлсэн төслүүдийн ихэнх нь зээлээр санхүүжиж байгаад анхаарал хандуулж, үлдэж байгаа төслүүдийн санхүүжих хувилбарууд, үр ашгийн болон хөрөнгө оруулалтын тооцооллыг нарийвчлах зэрэг асуудлыг хөндөж байлаа. Мөн мега төслүүдэд хамаарахгүй боловч хийх шаардлагатай автозамын зэрэг микро төслүүдээ орхигдуулахгүй байх, уул уурхайн түүхий эд, бүтээгдэхүүнээр том төслүүдийг бартерддаг шийдэл ямар хэмжээ хязгаартайг тооцоолж ажиллах, үнэ нэмснээс өөр алхам хийгээгүй эрчим хүчний реформоо хийж эхлэх, төсвийн орлогын гүйцэтгэлд дүн шинжилгээ хийж, тодотгол оруулах эсэх асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэж ажиллах, говийн бүсэд хэрэгжүүлэх төслүүдийн усан хангамжийн тухай болон байгаль орчны нөлөөллийн судалгаа, шинжилгээ, түүний хариуг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх, холбогдох нөөц, дэд бүтцийн болон технологийн боломж нь тодорхой байгаа гангийн үйлдвэрийн зэрэг төслүүдийг удаашруулж, гацаахгүй байх, ашиг сонирхлын зөрчил үүсгэхгүй байх, үндэсний үйлдвэрүүдийн өртөг зардлыг бууруулж, бүтээгдэхүүний үнийг өрсөлдөх чадвартай болгох, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 27.8-д заасны дагуу палеонтологи, археологи, угсаатны зүйн урьдчилсан хайгуул, судалгааг бүх мега төсөлд хийлгэж, дүгнэлт гаргуулах талаар тодорхой асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.
Байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг авч хэлэлцэх санал санаачилга гаргасан Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа Тэргүүн Шадар бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөрийн мэдээлэл хэтэрхий ерөнхий, тойм төдий байгааг шүүмжилж, зарим тоон мэдээлэл буруу зөрүү, алдаатай, хоцрогдсон, гүйцэт бус, төслүүдийг хөрөнгө оруулалтын үр өгөөжөөр эрэмбэлээгүй, тооцоо судалгаагүй байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр баялгийн солилцооны талаарх бодлого, төлөвлөлтийг Засгийн газар хэрхэн төсөөлж байгааг онцлон асууж, хуулийн төслийн үзэл баримтлалын талаар Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулгаас тодорхой хариулт авав. Мөн Улсын Их Хурлын гишүүн, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар Улсын Их Хурлын гишүүний асуултанд хугацаанд нь үнэн, зөв хариулт өгч, ард түмний мэдэх эрхийг хангаж ажиллахыг Эдийн засаг, хөгжлийн яам болон бусад яамд, байгууллагын албан тушаалтнуудад зөвлөв. Тэрбээр гадаад орнуудаас манай улсад суугаа Элчин сайд нарт мега төслүүдийн талаарх мэдээллийг зохих хууль, журмын дагуу хүргүүлж, хөрөнгө оруулалт татах талаар тэдэнтэй хамтран ажиллахыг сануулаад, газрын тосны үйлдвэр байгуулах болон уран олборлох төслүүд Монгол Улсад ашиггүй болж дуусахад хүрвэл хэн хариуцлага хүлээхийг асуусан юм. Үүнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай хариулахдаа, Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан, “Эрдэнэс Монгол” компанийн харьяа “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-тэй, ажил хариуцсан албан тушаалтнуудтай. Гүйцэтгэх захирал нь Д.Алтанцэцэг, ТУЗ-ийн дарга Б.Гэрэлээ гэсэн хариулт өглөө.
Мега төслүүдийн хэрэгжилтийн талаар асуулт асууж, хариулт авсныхаа дараа Улсын Их Хурлын гишүүд үг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн П.Мөнхтулга 14 мега төсөл гэсэн тоонд хязгаарлагдалгүй зэрэгцэн гарч ирж байгаа боломжуудыг ашиглаж, улс орны хөгжилд чиглэсэн бүхий л ажлуудыг орхигдуулалгүй хийх хэрэгтэйг онцолж, үүний дотор автозамыг хөгжүүлэх төслүүдэд ач холбогдол өгж ажиллахыг зөвлөсөн бол Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн гоё ярьж, иргэд, олон нийтэд өндөр хүлээлт үүсгэхээсээ өмнө мега төслүүддээ бодитой, тооцоотой хандаж, олон улсын жишиг, дэвшилттэй, сайн технологийг судалж, аль болох байгальд ээлтэйг сонгож хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн С.Замира хамтарсан Засгийн газар мега төслүүдийг хэрэгжүүлэх талаар хичээл зүтгэл гарган ажиллаж байгаад талархал дэвшүүлээд, энэ хичээл зүтгэлийг хэрэгжүүлэх шатанд унагаж байгаад харамсаж байна гэв. Тэрбээр Байнгын хороонд хуралдаанд хийсэн мэдээлэл хангалтгүй, Улсын Их Хурлын гишүүдийн асуултанд хариулт өгч чадахгүй, ажил хариуцаж байгаа хүмүүс мэдэж байх ёстой зүйлээ мэдэхгүй байгааг шүүмжилж, зээл авч үйлдвэр барина гэдэг хүн хэцүү учир дараа дараагийн төслүүдийг аль болох хөрөнгө оруулалт татах замаар, түүнчлэн алт цэвэршүүлэх зэрэг үр ашиг өндөртэй төслүүдээ эхний ээлжинд хэрэгжүүлж, түүнийхээ өгөөжийг дараа дараагийнхаа төслүүдэд оруулах байдлаар хэрэгжүүлэх нь зүйтэй гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа мөн ЭЗХЯ-ны албан тушаалтнуудын ажилдаа хандаж буй хандлага, мэдээлэлгүй байдлыг шүүмжилж, мега төслүүдийн талаар дахин эдийн засгийн тооцоо, судалгаа, зураг төсөвтэй, үр өгөөжийн талаарх тооцоо, эрэмбэ бүхий нарийвчилсан мэдээллийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу ирүүлэхийг шаардлаа. Эдгээр мэдээллийг төсөл бүрээр авахын зэрэгцээ төсөл бүрд эрчим хүчний нөөц бололцоо, хүрэлцээ ямар байх талаарх судалгааг давхар ирүүлэийг зөвлөсөн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал улс орны эдийн засгийг хөдөлгөнө гэж өөдрөгөөр төсөөлж, туг болгон барьж орж ирсэн энэ төслүүд маань эсрэгээрээ улс орны эдийн засгийг хөмрөх вий гэсэн анхааруулгыг хэлээд, дэлхий дахинд эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдсөнийг сануулав. Энэ өөрчлөлтөд тохируулан мега төслүүдийн хэрэгцээ шаардлага, улс орныхоо эдийн засгийн чадавхыг дахин үнэлж эрэмбэлэн, хойшлуулж болохыг хойшлуулах шийдлийг гаргах шаардлагатайг онцоллоо. Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга С.Ганбаатар хамтарсан Засгийн газрын гүйцэтгэлийн чадавхад 14 мега төсөл ахдаж байж болзошгүйг анхааруулаад, төслүүдийн явцын талаарх мэдээллийг ил тод болгох, Улсын Их Хурлын гишүүдтэй хамтран ажиллах, холбогдох хууль, тогтоомжийн дагуу Улсын Их Хурлын гишүүдэд мэдээлэл өгч ажиллахыг зөвлөв.
Дээрх мэдээллийг Байнгын хорооны хуралдаанаар сонссонтой холбогдуулан мега төслүүдийн хэрэгжилтийн явцыг судлах, үйл ажиллагааг эрчимжүүлэх, бодлогын дэмжлэг үзүүлэх хүрээнд санал, дүгнэлт гаргаж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг дараа нь хэлэлцлээ. Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул батлагдсан тооцлоо. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн П.Мөнхтулга, Б.Уянга, Л.Мөнхбаясгалан, С.Замира, М.Бадамсүрэн, Д.Энхтуяа, М.Энхцэцэг, Г.Очирбат нар ажиллахаар болов. Тогтоолоор холбогдох салбарын мэргэжилтэн, шинжээчдийг оролцуулж, мэргэжил, арга зүйн туслалцаа авч ажиллахыг ажлын хэсэгт зөвшөөрсөн байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.