Монгол Улсын Их Хурлын Тамгын газар үйл ажиллагааныхаа үр нөлөөг дээшлүүлэх зорилгын хүрээнд “Төслийн удирдлагын тогтолцоо”-г нэвтрүүлж эхэллээ.
Олон улсын стандартаар хүлээн зөвшөөрөгдсөн төслийн удирдлагын арга зүйг төрийн байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлснээр бүтээмжийг нэмэгдүүлэх, нөөцийг оновчтой хуваарилах, үр ашгийг дээшлүүлэх, эрсдэлийг бууруулах зэрэг олон давуу талууд бий болдог гэдэг нь судалгаагаар батлагдсан байдаг. Тэгвэл Монгол Улсын Их Хурал 2024-2028 оны стратеги төлөвлөгөөндөө “5.4.Дэвшилтэт, шинэ үеийн парламентын хэрэгцээ, шаардлагад нийцсэн чадварлаг, өндөр бүтээмжит ажлын албыг бэхжүүлнэ” гэж зорьж буй юм.
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар үйл ажиллагаандаа төслийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхдээ Монгол Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан зарим ажлын хэсгийн үйл ажиллагааг үр дүнтэй, хэмжигдэхүйц, оролцогч талуудыг бүрэн хамруулсан цогц байдлаар төлөвлөхөд дэмжлэг үзүүлж, уялдаа холбоог ханган ажиллаж байна.
Тамгын газрын зүгээс төслийн удирдлагыг хэрэгжүүлснээр Улсын Их Хурлын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх чиг үүргээ олон улсын жишигт нийцүүлэн, өндөр бүтээмжтэй, үр дүнтэй хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.