Цэс

Холбоо барих

ТБХ: Нэр дэвшигчийн сонсголын товыг тогтоож, сонсгол даргалагчийг сонгов

 


Улсын Их Хурлын Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсний дараа Төсвийн байнгын хороо үргэлжлүүлэн хуралдлаа.

Байнгын хорооны өнөөдрийн /2025.04.30/ хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдаан Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн. Уг тогтоолд Төсвийн байнгын хорооны 2025 оны 04 дүгээр тогтоолоор байгуулагдсан Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний аудитын газрын “Оюу толгой төсөлд оруулсан хөрөнгө оруулалт, санхүүжилтийн зарцуулалт, үр нөлөө”-нд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг хэлэлцэж байгаатай холбогдуулан санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал, Л.Мөнхбаясгалан нарыг нэмэх, улмаар тогтоолыг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан байв.


Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг нар санал хэлсэн. Тодруулбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан, Х.Ганхуяг нар тус ажлын хэсэгт  орох саналтай байгаагаа илэрхийлсэн. Иймд тогтоолд Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал, Л.Мөнхбаясгалан, Ж.Баясгалан, Х.Ганхуяг нарыг нэмж оруулъя гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувь нь дэмжлээ.


Дараа нь Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлэх, сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус нэг гишүүнийг Төсвийн байнгын хорооноос нэр дэвшүүлэхээр заасан. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 111.6-д Байнгын хороо хуульд заасны дагуу албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэхдээ гишүүдээс санал болгосон нэр дэвшигч нэг бүрээр санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар нэр дэвшүүлэхийг дэмжсэнд тооцно гэж заасныг уншиж, танилцууллаа.


Ингээд Улсын Их Хурлын гишүүдээс Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд санал болгож буй нэр дэвшигчдээ танилцууллаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар Бөхбатын Бат-Эрдэнийн нэрийг санал болгож байв.

Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ 1986 оны 1 дүгээр сарын 13-нд төрсөн. 2003 онд "Далай ван" ерөнхий боловсролын сургууль, 2007 онд Хүмүүнлэгийн их сургууль, 2024 онд Монгол Улсын их сургуулийн Бизнесийн сургуулийг тус тус төгссөн. Бизнесийн удирдлагын бакалавр, магистрын зэрэгтэй. Улсад 14 жил ажилласан бөгөөд үүнээс 11 жилийг санхүү, эдийн засгийн чиглэлээр төрийн байгууллагад ажилласан. 2010-2011 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн боловсрол сургалтын газарт мэргэжилтэн, 2012-2016 онд Худалдан авах ажиллагааны газарт мэргэжилтэн, 2016-2017 онд “Барилгын хөгжлийн төв” төрийн өмчит үйлдвэрийн газарт хэлтсийн дарга, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д борлуулалт хариуцсан дэд захирлаар тус тус ажиллаж байсныг онцлоод нэр дэвшигч нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 11.5, 11.6 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж байна гэв.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл нэр дэвшигч Равжир овогтой Мөнхтөрийг танилцуулав.


Нэр дэвшигч Р.Мөнхбат нь  1979 онд төрсөн, эрэгтэй. Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн III хороонд амьдардаг. 2001 онд Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургууль, 2003 онд тус сургуулийг эдийн засгийн магистрын зэрэгтэйгээр тус тус төгссөн. 2001-2016 онд Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Компьютер техник, менежментийн сургуульд багш, мөн 2011-2016 онд Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга, Стратеги, бизнес төлөвлөгөөний ахлах мэргэжилтэн, 2016-2018 онд “Инвескор” санхүүгийн нэгдэлд ахлах эдийн засагч, дэд захирал, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, 2023 оноос “Эс Ай Би Жэй” компанийн дэд захирал, 2025 оноос “Жэй Өү Ти” компанид санхүү хариуцсан захирлын албыг хашиж байна. Нэр дэвшигч нь ашиг сонирхлын зөрчилгүй, банк болон банк бус санхүүгийн байгууллагад хувьцаа эзэмшдэггүй гэдгийг онцолж байлаа.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг нэр дэвшигч Болдбаатарын Ариунболдын талаар товч танилцуулав.

Нэр дэвшигч Б.Ариунболд нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 11.5, 11.6 дахь хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангасан, эхнэр, нэг хүүхдийн хамт амьдардаг. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн бизнес удирдлагын бакалавр, Санхүүгийн эдийн засгийн их сургуулийн санхүү удирдлагын магистрын зэрэгтэй. Санхүү, банкны тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнагдаж байсан. Монгол Улсын тэргүүлэх салбаруудад ажиллаж байсан, банк, санхүүгийн туршлагатай мэргэжилтэн гэдгийг тодотгож байлаа.


Ингээд хуралдаан нэр дэвшигч нэг бүрийн санал хураалтаар үргэлжилсэн. Тодруулбал, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд  нэр дэвшигч Б.Ариунболд, Р.Мөнхтөр нарыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Харин  нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Иймд Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төсөлд Төсвийн байнгын хорооноос Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулах, сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгаланг томилох, нэр дэвшигчээс асуух асуулт, саналыг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд хүлээн авахаар тусгасан байв.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл