Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2025 оны 18 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулиуд болон Хуулийн төсөл буцаах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал, Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай Монгол Улсын хуулиар Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.3 дахь заалтыг хүчингүй болсонд тооцож, тус хуулийг 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх ажээ. Харин Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулиар тус хуулийн 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсгийг  “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө аливаа этгээд хийсэн ажлын тайлангаа танилцуулахаар зохион байгуулсан уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй.” гэж өөрчлөн найруулж, мөн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсон байна.

Мөн эмхэтгэлийн шинэ дугаарт нийтлэгдсэн Хуулийн төсөл буцаах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолуудаар Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг болон Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Их Хуралд Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг нэгдсэн хуралдааны санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул хууль санаачлагчид нь тус тус буцаажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

    

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл