Цэс

Холбоо барих

БОХХААБХ:Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны тогтоолын төслийг батлав


Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан /2025.04.30/ 11 цаг 39 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Бейсений танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй.

Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатараас 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн  Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар танилцуулав.


Тэрбээр танилцуулгадаа, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлснийг дурдаад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас төслийг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёолол бэлтгэснийг дурдлаа.



Төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёололтой холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Ж.Батжаргал, З.Мэндсайхан нар асуулт асууж, санал хэлсэн.

Ингээд хууль санаачлагч болон гишүүдийн саналыг үндэслэн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, мал сүргээ хамгаалах зайлшгүй шаардлагатай саарал чоно агнасан бол энэ хуулийн 25.1 дэх заалт хамаарахгүй, хуулийг 2025 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэсэн агуулгатай өөрчлөлт оруулах санал тус бүрээр санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.


Дараа нь Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2025 оны 7 дугаар тогтоолоор байгуулагдсан Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилт, үр дүнтэй танилцах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг, С.Лүндэг нарыг нэмэхээр тогтоолын төсөлд тусгажээ.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүн олонх дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл