Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Инженер, технологийн дээд боловсрол төслийн зээлийн хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөхөөр ирүүлснийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар хэлэлцлээ.
Хэлэлцээрийн төслийг хэлэлцүүлэхэд Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд манай улсын хувьд уг зээл нь Монгол Улсын төсвийн хөрөнгөөс гаргаж байгаатай адилхан учраас цаашдаа тухайн улсад нэг оюутан өөрийн зардлаар сурахад дахин нэг оюутны холбогдох зардлыг тухайн улс даадаг АНУ, Герман, Канад зэрэг улсын нөхцөлийг жишиг болгож оюутныхаа тоог өсгөх зарчим барих, Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж зээлийн гэрээг Монголын талдаа хэрэгжүүлэх бодлогоо тодорхой боловсруулж УИХ, Байнгын хороодод танилцуулах, МУИС, ШУТИС-ийн сургалтын техник технологийг уг зээлийн хүрээнд сайжруулахад анхаарч ажиллах, үүнийг Монголдоо суралцаж байгаа оюутнуудын чадавхийг дээшлүүлэхэд ашиглах, Монголын тал нэгдүгээр курсын бүх оюутнуудад адилхан боломж олгох буюу хоёрдугаар курс төгсөх үед нь суралцуулах талтай хамтран сонгон шалгаруулдаг байх нь илүү зохистой. Мөн 3 талт гэрээ байгуулахдаа Монгол Улсын Засгийн газар үүргээ биелүүлээгүй буюу ажлын байраар хангаагүй нөхцөлд хэрхэх, өөр газар ажилд орсон суралцагсдад ямар хариуцлага хүлээлгэх зэргийг тодорхой болгох зэрэг саналуудыг гаргасан.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Баярсайхан манай улс еврокод, евростандартад шилжихээр бэлтгэл хангагдаж байгаа учраас зарим нэг мэргэжил дээр стандартын асуудал хөндөгдөж байгааг анхаарах, Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр батлан хамгаалах, хууль сахиулах салбарын мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэх асуудлыг зээлийн хэлэлцээрт тусгах боломжтой эсэхийг судалж үзэх, зээлийн төлбөрийг төлөх үед аж ахуйн нэгжийн оролцоог дүрэм журамд тусгах, Япон Улс ноу-хау, патентаа худалддаггүй, тэд аж ахуйн нэгжүүдээ хөрөнгө оруулагч байдлаар, төслийг гүйцэтгэгч байдлаар үндэснийхээ гол аж ахуйн нэгжүүдийг дэмждэгийг анхаарч үзэх, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат 1000 хүн сургаад тэдний хэд нь эргэж ирэх бол гэдэг дээр санаа зовниж буйгаа илэрхийлээд, уг сургалтанд хөдөөгийн бүх багаас төлөөлөл оролцуулах боломжийг харгалзах, эмэгтэй хүн инженерийн мэргэжлээр тогтвортой ажилладаггүй учраас хүйсийн харьцаа, суралцаж төгссөн хүн тухайн орондоо нэг жил ажиллах боломж олгох зэргийг анхаарах, Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар хэлэлцээрийн дагуу сургах багш, оюутан нэг бүртэй хийх гэрээнд үүрэг, хариуцлагын заалтуудыг хатуу нөхцөлтэйгээр тусгах, сонгон шалгаруулалтад онцгой анхаарах, нэг айлаас нэг хүүхэд гэдэг зарчмыг жигд, тэнцвэртэй баримтлах зүйтэй гэсэн саналуудыг тус тус гаргасан.
Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Инженер, технологийн дээд боловсрол төслийн зээлийн хэлэлцээр”-ийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжиж, Засгийн газарт гарын үсэг зурахыг зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн болно.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 28.4-т заасны дагуу энэхүү санал, дүгнэлтийг гаргасан.
АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Ц.ОЮУНБААТАР