Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Бутаны парламентын бүлгийн дарга С.Цэнгүүн, тус бүлгийн гишүүн О.Саранчулуун нар өнөөдөр /2025.04.29/ Бутаны Хаант Улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд бүлгийн дарга С.Цэнгүүн Монгол, Бутан хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 12 жилийн дараа Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан өнгөрсөн онд Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Тус айлчлал нь хоёр улсын уламжлалт найрсаг харилцааны хэтийн төлөв, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон түүхэн айлчлал болсон гэдгийг тэмдэглэв. Тэрээр, Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Өмнөд Азийн улс орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг онцолсон. Энэ хүрээнд Монгол Улс Бутаны Хаант Улсыг Өмнөд Ази дахь чухал түнш хэмээн үзэж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байдгийг илэрхийлсэн.
Бутаны Хаант Улсын төлөөлөгч, Дотоод хэргийн яамны Хуулийн хэлтсийн дарга Баасандорж /Pasang Dorji/-ийн зүгээс Монгол Улсын Их Хурлын гишүүд цаг гарган уулзаж буйд талархал илэрхийлж, Монгол Улсын иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаа, нийгмийн оролцооны талаар болон төрийн байгууллагуудтай хэрхэн уялдан ажилладаг талаар туршлага судлахаар ирсэн гэдгийг онцлов.
Монгол-Бутаны парламентын бүлгийн гишүүн О.Саранчулуун сүүлийн 10 жил иргэний нийгмийн байгууллагад ажиллаж, энэ чиглэлээр судалгаа хийсэн талаараа танилцуулаад, Монгол Улсын иргэний нийгмийн хөгжил, хууль, эрх зүйн орчны талаар санал солилцлоо. Тэрээр Монгол Улс хүний эрхтэй холбоотой нийгмийн үйлчилгээг зарим тохиолдолд төрийн бус байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлдэг гээд иргэний нийгмийн хөгжлийн хамгийн гол зорилго нь төрийн үйл ажиллагаанд хяналт тавих гэдгийг онцолж, байр сууриа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.