УИХ-ын гишүүн Д.Энхтуяа Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч хатагтай Шэннон Коулинтэй өнөөдөр /2025.04.29/ уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, Улсын Их Хурлын гишүүний хувиар Эрчим хүчний реформын Үндэсний хороо болон ахмадын асрах үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллаж байгаа талаараа танилцуулсан. Мөн тэрбээр эрчим хүчний реформын хүрээнд нар, салхины дулааны болон цахилгаан станц байгуулах хөрөнгө оруулалтын чиглэлээр, ахмад настны асрах үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх анхдагч хуулийн төсөл боловсруулах чиглэлээр Азийн хөгжлийн банктай хамтран ажиллах саналтай байгаагаа уламжиллаа.
Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч хатагтай Шэннон Коулин, чухал ач холбогдол бүхий дээрх асуудлуудыг хөндсөнд талархалтай байгаагаа илэрхийлээд, саналын хүрээнд хамтарч ажиллах бүрэн боломжтойгоос гадна эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд тодорхой хугацаанд амжилттай ажилласан туршлага бий хэмээлээ. Ахмадын асрах үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх анхдагч хуулийн төслийг боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх, тусгай мэргэжилтнүүдийг холбох боломжтой бөгөөд төр, хувийн хэвшлийн оролцоог хангах нь чухал хэмээн тодотгосон. Талууд энэ талаар дахин нарийвчлан ярилцаж, санал солилцох нь зүйтэй гэж тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.