Цэс

Холбоо барих

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан Элчин сайд Шэнь Минжуаньтай уулзлаа


Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан өнөөдөр (2025.04.29) Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Минжуаньтай уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан, хоёр улсын хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагаа нь бусад салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал болохыг тэмдэглэв. Тэрбээр, ес дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан Монгол Улсын Их Хурал нь 126 гишүүнтэй болж өргөжсөнөөс гадна нийгмийн олон бүлгийн төлөөлөлтэй гэдгээрээ онцлог болохыг дурдлаа. Энэ удаагийн парламентад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлөн Улсын Их Хурлын хоёр гишүүн сонгогдсон болохыг Ж.Баясгалан гишүүн хэлээд, Асрах үйлчилгээний нөхцөл байдалтай танилцах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судлах, зохицуулалтын хэрэгцээ, шаардлагын талаар нягтлах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаагаа танилцууллаа. Энэ хүрээнд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлээрх нийгмийн үйлчилгээ, тогтолцоо, эрх зүйн орчны талаар болон анагаах ухаан, технологийн салбар дахь дэвшлийн талаар судлах, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа танилцууллаа. Мөн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн.


Элчин сайд Шэнь Минжуань хоёр улсын хууль тогтоох байгууллагын харилцаа, хамтын ажиллагаа өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж байгааг тэмдэглээд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжигийн урилгаар Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан 2025 оны 02 дугаар сард тус улсад албан ёсны айлчлал хийснийг, энэ сарын 25-нд болсон Монгол, Хятадын парламент хоорондын байнгын уулзалтын механизмын VI уулзалтыг дурдав. Хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх ач холбогдолтойг онцоллоо.


Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2019 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийг Улаанбаатар хотноо байгуулсан талаар Элчин сайд Шэнь Минжуань дурдсан. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, хамгаалахтай холбоотой сайн туршлага, шинжлэх ухааны ололт, амжилтаа нээлттэй хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийлэв.


Уулзалтын үеэр талууд хоёр улсын хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлээр олон улсын түвшинд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл