Эмхэтгэлийн шинэ дугаарт, Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагалдаж гарсан хуулиудын хамт нийтэллээ. Энэ хуульд,” Эрчим хүчийг үр ашигтай хэрэглэх, хэмнэхтэй холбогдсон харилцааг тусгай хуулиар зохицуулна”, “бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчид шаардлагатай дэмжлэг үзүүлэх”, “тусгай зөвшөөрөл олгоход баримтлах чиглэл, суурь зарчмыг техник, эдийн засгийн хувьд үр ашигтай, оновчтой байх нөхцөлийг шалгуур болгон тогтоох”, “Эрчим хүч дамжуулах шугам, дэд станц нь төрийн өмчлөлд байна”, “нийтийн эзэмшлийн орон сууцны барилга барих тохиолдолд барьсан эрчим хүчний дэд станц, шугам, тоноглолыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх” зэрэг агуулгатай хэсэг, заалтыг нэмсэн байна.
Түүнээс гадна зарим хэсэг, заалтыг, тухайлбал, “Тарифыг эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх болон хангах үйл ажиллагаа тус бүрээр тогтооно”, “”үнийг инфляцтай уялдуулан тооцох”, “Хэрэглэгчийн аль нэгний буруутай үйлдлээр эрчим хүч тасалдсан бол буруутай тал нь хохирлыг нөхөн төлнө. Хохирлын хэмжээг эрчим хүчээр хангагч, хэрэглэгч хамтран тогтоож, актаар баталгаажуулсан байна” гэх зэргээр өөрчлөн найруулжээ.
Мөн дугаарт нийтлэгдсэн Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд, “цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний үйлчлэх хугацаа дууссаны дараа үнэ, тарифыг тухай бүр тогтоох”, “Гэрээний хугацааг хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаатай уялдуулан тогтооно” гэсэн зэрэг хэсэг, заалт нэмж, мөн тухайлбал, 4/12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг “Сэргээгдэх эрчим хүчний үнэ, тарифыг энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөрдөнө” гэж өөрчлөн найруулсан байна.
Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай” хуулийг нийтэлснээс гадна “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг нийтлэв. Энэ тогтоолын хавсралтад урт болон дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичгийн хүрээнд тодорхой шалгуур үзүүлэлтэд тулгуурлан ямар зорилт, арга хэмжээ авах, тэдгээрийг хэрэгжүүлснээр 2016 онд ямар түвшин, үр дүнд хүрэх зэргийг тогтоож өгсөн байна. Тухайлбал, Макро эдийн засгийн бодлогын хүрээнд эдийн засгийн хүндрэлийг даван туулж, макро эдийн засгийг тогтворжуулах бодлого баримтална, санхүүгийн эх үүсвэрүүдийг бүрэн дайчилж, үр ашгийг дээшлүүлэх замаар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг, мөн Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлогын хүрээнд мал аж ахуй, газар тариалагийн салбарын хөгжлийг эрчимжүүлэх бодлого хэрэгжүүлнэ, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зэрэг зорилтыг тавьжээ.
Түүнчлэн Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хүний хөгжил, нийгмийг хөгжүүлэх бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлогын хүрээнд тус тус авч хэрэгжүүлэх зорилтуудыг тодорхой тогтоож өгсөн байна.
“Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх тухай статусыг цаашид урагшлуулан бэхжүүлэхдээ бүс нутгийн тогтвортой, аюулгүй байдалтай холбох, Зүүн хойд Азид аюулгүй байдлын яриа хэлэлцээ явуулах тухай Монгол Улсын санаачлагын нэг чухал хүчин зүйл болгож ажиллах” зэрэг арга хэмжээг Цөмийн зэвсгээс ангид байх тухай хуулийг биелүүлэхтэй холбогдуулан авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т даалгасан “Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг нийтэллээ.
Эмхэтгэлд, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай, Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолыг тус тус нийтэллээ.Эдгээр баримт бичигт, дээрх салбарыг хөгжүүлэхэд баримтлах зарчим, бодлогын зорилго, зорилт, тэдгээрийг хэрэгжүүлэх чиглэл, үе шат, хүрэх үр дүнг тусгасан байна.
Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Шүүгч нарыг шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай, Зарим хүмүүсийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг тус тус нийтлэв гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.