Цэс

Холбоо барих

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс Үндсэн хуулийн цэц, Ерөнхийлөгчийн тамгын газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Шүүхийн ерөнхий зөвлөл, холбогдох яамдын Хууль, эрх зүйн газар, хэлтсийн удирдлага, төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачдын дунд өнөөдөр /2025.04.28/ хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 9 гишүүн санаачлан өргөн мэдүүлсэн бөгөөд хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий дэд ажлын хэсгийг Улсын Их Хурлын Тамгын газрын Хуулийн газрын дарга Ч.Дондогмаа нар тус тус ахалж ажилласан байна.

Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч О.Номинчимэг удирдан чиглүүлж, УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Г.Уянгахишиг, С.Эрдэнэболд, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Болдбаатар, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид болон ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх бүрэлдэхүүн, эрдэмтэн, судлаачид оролцож, хууль, тогтоолын төслүүдийн талаар хэлэлцлээ.

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар дэд ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын Тамгын газрын Хуулийн газрын ахлах зөвлөх Г.Агар-Эрдэнэ хэлэлцүүлгийн эхэнд танилцуулга хийлээ. 2015 онд батлагдаж, 2017 оноос дагаж мөрдсөн Хууль тогтоомжийн тухай хуулиар Улсын Их Хурлын бусад шийдвэрийг санаачлан боловсруулах, хууль тогтоомжийн төсөлд тавигдах шаардлагыг тодорхойлох, олон нийтийн оролцоог хангах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, батлагдсан хууль тогтоомжийг нийтлэх, сурталчлах, түүний хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж буй бөгөөд энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөр хууль тогтоомжийн төсөлд олон нийтийн оролцоог хангах, хуулийн төсөлд тавигдах шаардлагыг нэмэгдүүлэх, батлагдсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулахад чиглэсэн зохицуулалтуудыг түлхүү тусгасан талаар мэдээлэл өгөв. Түүнчлэн хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх ажлын хүрээнд хүний эрхэд нөлөөлөх байдлыг үнэлэхдээ хүний эрхийг хязгаарласан зохицуулалт бүхий хуулийн төслөөр Үндсэн хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөг зохист хэмжээнд, тохирсон арга хэлбэрээр хязгаарласан эсэхийг хэрхэн үнэлэх, хуульд захиргааны хэм хэмжээний акт батлах эрх олгосон зохицуулалт тусгагдах тохиолдолд тавигдах шаардлагыг хэрхэн тодорхойлж байгаа талаар төсөлд тусгагдсан талаар танилцууллаа.

Тус танилцуулгын дараа “Хууль тогтоомжийн тухай хуулийг боловсронгуй болгоход анхаарах зарим асуудлууд” сэдвээр дэд ажлын хэсгийн гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга Н.Жамьянхүү илтгэл хэлэлцүүлэв. Тэрбээр, Хууль тогтоомжийн тухай хууль 2015 онд батлагдсан бөгөөд нийт 12 удаа өөрчлөлт оруулсан, мөн хууль санаачлах эрхийн хүрээ хязгаар, хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл, хуулийн төслийн үзэл баримтлалд тавигдах шаардлага, хуулийн давхардал хийдэл, зөрчлийн судалгааг хэрхэн хийх шаардлагатай талаар, яаралтай горимоор өргөн мэдүүлэх хуулийн төсөлд тавигдах шаардлага, хууль тогтоомжийн орчуулгын чанар болон захиргааны хэм хэмжээний акт гаргах эрх олгох харилцааг хуульд тодорхой тусгах, хууль дагаж хуулийн нэр томъёо өөрчлөгдөхтэй холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлагын талаар тус тус хөндсөн юм.

Хэлэлцүүлэгт оролцогчид хэлэлцүүлэгт танилцуулсан илтгэл, танилцуулгуудтай холбогдуулан  асуулт асууж, санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл