Парламентын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгож, хууль тогтоох үйл явцад оролцох иргэд, олон нийтийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Улсын Их Хурлаас “D.parliament” цахим платформыг 2022 оноос нэвтрүүлээд байна.
Энэхүү платформ нь иргэд Улсын Их Хуралд өргөдөл, гомдол, хүсэлтээ илгээж, хуулийн төсөлд санал өгөх албан ёсны цахим талбар болсон.
Нийтийн өргөдөл, гомдлын цахим системд 2025 оны 04 дүгээр сарын 09-15-ны өдрийн хугацаанд нийт 10 өргөдөл гаргаснаас 4 өргөдлийг хүлээн авч, 6 өргөдлийг хүлээн авахаас татгалзсан байна. Цахим системд дараах 4 өргөдлийг хүлээн авч, байршуулсан бөгөөд үүний 3 өргөдөл нь Улаанбаатар хотын даргыг хэрхэн сонгох талаарх санал байжээ.
Тодруулбал,
- Хотын даргыг Нийслэлийн иргэдийн сонгуулиар шууд сонгодог байх тухай хуулийн төсөл санаачлах санал,
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг өөрчлөх тухай хуулийн төсөл санаачлах санал,
- Улаанбаатар хотын даргыг ард иргэд сонгодог болох талаар ажлын хэсэг байгуулах санал,
- Улаанбаатар хотын даргыг ард иргэдийн шууд сонгуулиар сонгодог болох тухай хуулийн төсөл санаачлах санал байна.
Түүнчлэн иргэн Билэгтийн Батбилэгийн гаргасан “Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай” нийтийн өргөдлийг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар Монгол Улсын 18 насанд хүрсэн 100,033 иргэн дэмжиж, санал өгчээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 95 дугаар 95.3-т “Нийтийн өргөдлийг дэмжсэн иргэдийн санал энэ хуулийн 95.2-т заасан тоонд хүрмэгц Улсын Их Хурлын дарга саналыг хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр холбогдох Байнгын хороонд ажлын 5 өдрийн дотор хуваарилж, нэгдсэн хуралдаанд танилцуулна” хэмээн заасан байдаг. Энэ дагуу 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр иргэн Б.Батбилэгийн нийтийн өргөдлийг цахим системд нийтэлсэн “Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах тухай” өргөдлийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Нийгмийн бодлогын байнгын хороонд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэхийг даалган хуваариллаа.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар “D-Өргөдөл” буюу нийтийн өргөдөл, гомдлын цахим системд иргэний гаргасан өргөдөл, санаачилга нь 33.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх боломжтой.