Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй хийдэг ээлжит уулзалт өнөөдөр (2025.04.24) болов. Өнөөдрийн уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам тус бүрийн Төрийн нарийн бичгийн дарга нар, мөн Хүний эрхийн Үндэсний Коммиссын төлөөлөл оролцсон юм.
Холбогдох талуудаас байгаль орчин, ашигт малтмалын талаарх эрх зүйн орчныг өөрчлөхөөр боловсруулж буй хууль, тогтоолын төслүүдийн хүрээнд хүний эрхийн хэрэгжилтийн талаарх танилцуулгыг хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 50 гаруй төрийн бус байгууллагын нэгдэл “Хүний Эрхийн Форум”-аас хийж, шийдвэр гаргах түвшинд санал дүгнэлтийг хүргэснээрээ онцлог байв.
Уулзалт, хэлэлцүүлгийн эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, уул уурхайтай бүс нутгийн иргэдийн эрх, экологийн асуудлаар шийдвэр гаргах түвшиндээ ойлголтоо нэгтгээд, эрх нь зөрчигдөөд байгаа иргэдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хүн төвтэй хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлд шуурхай ажиллана гэв. Энэ хүрээнд ажлын төлөвлөгөө боловсруулж, шаардлагатай бол ажлын хэсэг байгуулна хэмээв.
Харин иргэний нийгмийн байгууллагуудаас “Усны нөөцийн менежмент ба хүний эрх”, Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний эрх зүйн орчин, уул уурхай болон байгаль орчны үнэлгээтэй холбоотой одоогийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлуудыг хөндөж, тодорхой санал, дүгнэлт хэллээ. Тухайлбал, газрын хэвлийн баялаг, усны нөөц ашиглалттай холбоотой шийдвэр гаргахдаа тухайн орон нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагууд болон мэргэжлийн байгууллагын саналыг авч, оролцоог хангах нь зүйтэй хэмээсэн. Энэ нь шийдвэрийг бодит нөхцөлд нийцүүлэхээс гадна хяналт, хариуцлагыг сайжруулах үр дагавартайг онцолж байв. Мөн байгаль орчны нөлөөллийн үнэлгээний чанарыг сайжруулах буюу байгаль орчин төдийгүй нийгмийн болон хүний эрхийн нөлөөллийг иж бүрнээр үнэлдэг болох, үнэлгээний тайланг бодит, найдвартай мэдээлэлд тулгуурлан гаргаж байх шаардлагатайг танилцуулсан. Үнэлгээний үр дүнг хөндлөнгийн шинжээч, олон нийтийн оролцоотойгоор хянаж, хэрэгжилтэд нь хариуцлага тооцдог тогтолцоог бий болгох, хууль эрх зүйн зөрчил, давхардлыг арилгахын тулд уул уурхай, байгаль орчинтой холбоотой хууль тогтоомж хоорондын нийцлийг хангах талаар саналуудыг хэлэв. Тодруулбал, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох журмыг газар өмчлөх, ашиглах эрхийн зохицуулалттай уялдуулах, байгаль хамгаалалтын талаарх хууль тогтоомж бусад хууль тогтоомжтой зөрчилдөхгүй байхаар шинэчлэх шаардлагатай гэсэн. Шинэ хууль, бодлогын баримт бичгүүдийг Үндсэн хууль дахь хүний эрхийн суурь зарчим болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцад нийцүүлэн боловсруулах тухай санал илэрхийлж, хүний эрхийн зөрчил гарч болзошгүй салбаруудын бодлого, үйл ажиллагаанд иргэний нийгмийн оролцоог тогтмол хангаж, хамтран мониторинг хийдэг байхыг санал болголоо.
Хүний эрхийн дэд хорооны гишүүн Д.Бум-Очир, энэ чиглэлээрх уулзалт, хэлэлцүүлэгт дээрх гурван яамны төлөөллөөс гадна Соёлын яамны төлөөллийг оролцуулах нь зүйтэй хэмээн эл саналаа дэлгэрэнгүй тайлбарласан юм.
Уулзалт, хэлэлцүүлэгт оролцсон Хууль зүй, дотоод хэргийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нар байгаль орчин, ашигт малтмал, усны тухай хууль тогтоомжийг шинэчлэх үйл явцын талаар тус бүрдээ мэдээлэл танилцуулж, иргэний нийгмийн байгууллагуудаас дэвшүүлсэн саналуудыг холбогдох төслүүдэд тусгах талаар мэдээлэл өгсөн.
Хүний эрхийн Үндэсний Комиссын Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир хөрс, хог хаягдал, агаар ус, уул уурхай, байгалийн гамшиг, мал амьтны сэг зэм, амьдрах орчин, орлого, байгууламж гэсэн 8 агуулгын хүрээнд хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг тодорхойлсон бөгөөд дээрхтэй холбогдох эрх, үүрэг, чиглэлийн яамдын төлөөллийг уулзалт хэлэлцүүлэгт оролцуулах тухай санал гаргаж байв.
Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал цаашид тодорхой ажлын хэсэг байгуулах, нарийвчилсан төлөвлөгөө гарган түүндээ үндэслэн үр дүнд чиглэж ажиллах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.