Цэс

Холбоо барих

Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Шэннон Коулинтай уулзав

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан өнөөдөр (2025.04.24) Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Шэннон Коулинг урьж уулзан, эрүүл мэнд, нийгэм, боловсролын чиглэлээр тус банкны явуулж буй үйл ажиллагаа, хэтийн зорилт, төлөвлөлтийн талаар ярилцлаа.

Байнгын хорооны дарга Л.Энхнасан Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсад явуулж ирсэн үйл ажиллагаа, тэр дундаа бүсчилсэн хөгжил болон цар тахлын үеийн дэмжлэг, туслалцаанд талархаж байгаагаа илэрхийлээд, Нийгмийн бодлогын байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд Гэр бүлийн тухай болон Гэр бүлийг дэмжих тухай, нийгмийн халамж, хамгаалал, тэтгэврийн бодлогыг шинэчлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих хууль, эрх зүйн орчныг боловсронуй болгохоор ажиллаж байгаа талаар дэлгэрэнгүй танилцуулав. Мөн эмчийн хариуцлага, цусны болон эд эс, эрхтний донорын харилцаа, сургуулийн болон цахим орчны эрх зүйн зохицуулалтыг бий болгоход онцлон анхаарал хандуулж буйг дурдан, нийгмийн эрүүл мэнд, хүний хөгжлийн суурь үзүүлэлтийг сайжруулах, үүний дотор зохистой, идэвхтэй амьдралын хэвшлийг дэмжих, эрчүүд, залуучуудын эрүүл мэнд, сэтгэлзүйн бэрхшээлийг бууруулах зэрэг олон тулгамдсан асуудал шийдлээ хүлээж байгааг өгүүлсэн юм.

Азийн хөгжлийн банк өнгөрсөн хугацаанд Монгол Улсын нийгмийн хамгаалал, боловсролын салбарт илүүтэй анхаарал хандуулан ажилласныг суурин төлөөлөгч Шэннон Коулин онцолж, ядуурлыг бууруулах, энэ бүлгийн иргэдийн ядуурлыг даван туулах чадавхыг нэмэгдүүлэх болон ахмад настны халамж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд үйл ажиллагаагаа чиглүүлэхээр төлөвлөж байгаагаа танилцууллаа. Мөн боловсрол, эрүүл мэндийн салбарын бодлого, төлөвлөлтийг сайжруулах, нийгмийн эрүүл мэндийн талаарх хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг дэмжихэд анхаарал хандуулахаа илэрхийлэв. Түүнчлэн Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт жишиг эмнэлгийг байгуулснаа үргэлжлүүлэн бүсүүдэд нэгдсэн эмнэлэг байгуулах замаар эрүүл мэндийн дэд бүтцийг бэхжүүлэх хөтөлбөр боловсруулж байна гэлээ.

Манай улстай хамтран ажиллах Азийн хөгжлийн банкны дунд хугацааны төлөвлөгөө 2024 он дуусгавар болсон бөгөөд 2028 онд хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө ирэх сард батлагдах аж. Үйл ажиллагааны төлөвлөлтөд дээр дурдсан асуудлуудын зэрэгцээ хүүхдийн амьдрах орчны зэрэг цогц суурь судалгааны ажлуудыг анхаарч, Нийгмийн бодлогын байнгын хороо болон холбогдох бусад байгууллагатай нягт хамтран ажиллах нь зүйтэйг Байнгын хорооны дарга Л.Энхнасан чухалчлан тэмдэглэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл