Улсын Их Хурлын даргын 2024 оны 93 дугаар захирамжаар байгуулагдсан, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалаар ахлуулсан, "Хүний эрхийг хангах үндэсний 2 дугаар хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр /2025.04.23/ Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын эмнести интерншл, Хил хязгааргүй хуульчид ТББ-ын төлөөлөл болон Монгол Улсын Их Хурлын даргын зөвлөх Р.Алтангэрэл, Т.Алтангэрэл нарын бүрэлдэхүүнтэйгээр хуралдлаа.
Тус ажлын хэсгээс шаардлагатай 13 төрлийн судалгааг Улсын Их Хурлын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнд захиалж, зургаан төрлийн судалгааг хийлгэж эхлүүлсний хоёр нь бэлэн болсныг танилцуулж, цаашдын төлөвлөгөөгөөг боловсруулан хэрэгжүүлэх асуудлаар ажлын хэсгийг дэмжих бүрэлдэхүүнтэй хамтарч ажиллах асуудлаар санал солилцов.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Д.Бум-Очир эрх, үүрэг хариуцлагын асуудлыг тэнцвэртэйгээр тусгах, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн О.Саранчулуун Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотойгоор ажиллаж байгаа ажлын хэсгүүд судалгаа, хэлэлцүүлгийн түвшинд хамтарч, төсөв санхүүгийн болон цаг хугацааны хувьд хэмнэлттэй ажиллахыг санал болгосон бөгөөд Улсын Их Хурлын даргын зөвлөх Р.Алтангэрэл дэмжих бүлэг агуулга талдаа илүү төвлөрөх шаардлагатайг сануулав. Харин иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд хамтарч ажиллах боломжтой түвшнээ тодорхойлж, саналаа бичгээр ирүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.