Цэс

Холбоо барих

Эрүүл мэндийн салбарын стандарт боловсруулах, батлуулах үйл явц хэт удаашралтай байна гэв

Улсын Их Хурлын даргын 2024 оны 98 дугаар захирамжаар байгуулагдсан Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр /2025.04.23/ хуралдлаа.


Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Ганмаа хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан бөгөөд энэ удаагийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Д.Батлут, Ж.Галбадрах, М.Бадамсүрэн нар оролцлоо.

Тус хуралдаанаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, эмнэлгийн мэргэжлийн хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр баримталж буй бодлого, зохицуулалт, хэрэгжүүлж буй ажлын талаарх танилцуулга болон эрүүл мэндийн магадлан итгэмжлэлийн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаарх танилцуулгыг сонслоо.


Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын газрын дарга Р.Гантуяа танилцуулгадаа эрүүл мэндийн салбарын стандарт боловсруулах, батлуулах үйл явц хэт удаашралтайгаас гадна стандартын төсөлд шинжээч багаар дүгнэлт хийдэггүй нь бэрхшээл болдгийг онцлов. Мөн тэрбээр стандарт боловсруулах, батлуулах хугацааг багасгаж, хэрэгжилтийн хяналтыг цахимжуулж, мэдээллийг ил тод, нээлттэй болгох шаардлага бий талаар дурдлаа.


Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Г.Анхболд танилцуулав. Тэрбээр, насанд хүрсэн 8 хүн тутмын 1 нь сэтгэцийн эмгэгтэй амьдарч байгаа талаар дурдав. СЭМҮТ-ийн хэвтүүлэн эмчлэх 550 орны 44.3 хувийг сэтгэцийн архаг өвчтэй, урт хугацааны эмчилгээ, байнгын асаргаа шаардлагатай, эмнэлгээс гардаггүй эмчлүүлэгчид эзэлдэг байна. Цаашид эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэдэг саналыг танилцуулав.


Үүний дараа магадлан итгэмжлэлийн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал, анагаах ухааны доктор Б.Нарантуяа танилцуулж, үнэлгээний шинжээчийн ёс зүйн дүрэмтэй болох, эрүүл мэндийн байгууллагыг магадлан шинжлэх одоогийн шалгуурыг олон улсын эрүүл мэндийн чанарын нийгэмлэгийн олон улсын стандартад нийцүүлэх шаардлагатай байна гэлээ.


Ажлын хэсгийн энэ хуралдаанаар сонссон дээрх мэдээллүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд тодруулга хийж, дэд ажлын хэсгийн гишүүдтэй санал солилцов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл