Цэс

Холбоо барих

Ажлын хэсэг ялгаварлан гадуурхалтын эсрэг хуулийн хэрэгцээ, шаардлагын талаарх судалгааны тайлантай танилцав

 

Улсын Их Хурлын даргын 2024 оны 89 дүгээр захирамжаар байгуулагдсан Ялгаварлан гадуурхалтын эсрэг авах арга хэмжээний талаар судалгаа хийж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн өнөөдрийн /2025.04.23/ хуралдаан “Их засаг” танхимд боллоо.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч О.Саранчулуун хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан бөгөөд эл өдрийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Д.Бум-Очир, Д.Ганмаа нар оролцов.  


Хуралдаанаар тус ажлын хэсгийн төлөвлөгөөний төсөл болон дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хэлэлцэн, батлав.

Мөн “Оюуны-Инноваци” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал, хуульч Б.Төрболд “Ялгаварлан гадуурхалтын эсрэг хуулийн хэрэгцээ, шаардлага”-ын талаарх тандан судалгааны тайлангаа танилцуулсан. Тэрбээр, Олон улсын болон бүс нутгийн гэрээ хэлцэл, ялгаварлан гадуурхагдахгүй байх эрхийн суурь ойлголт, Монгол Улс дахь эрх зүйн зохицуулалт, мөн чанар, цар хүрээнд хийсэн дүн шинжилгээний талаар болон энэ чиглэлээрх Австрали, Япон улсын хууль тогтоомжийн талаарх сайн жишгээс танилцууллаа.


Судалгааны дүгнэлтэд, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газраас “Цөөнхийн эрхийг хамгаалах: Ялгаварлан гадуурхахын эсрэг цогц хууль тогтоомж боловсруулах практик гарын авлага”-ыг боловсруулж, гишүүн орнуудыг тус гарын авлагын дагуу ялгаварлан гадуурхалтын эсрэг цогц зохицуулалт бүхий хууль тогтоомжтой болохыг уриалсныг дурдсан байлаа. Түүнчлэн бие даасан хуультай болсноор ялгаварлан гадуурхалтын ойлголт, ялгаварлан гадуурхагдахгүй байх эрхийн ойлголт, хамрах хүрээ, хуулиар заавал авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ, хууль зөрчигчдөд хүлээх хариуцлага, хохирогчийг хамгаалах, хохирлыг барагдуулах, зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх асуудал, гомдол гаргах болон шийдвэрлэх ажиллагаа, нотлох баримтыг үнэлэх асуудал, хуулийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээдүүдийн чиг үүрэг, бүрэн эрх, хариуцлагын тухай зэрэг асуудлыг тодорхойлох ач холбогдолтой бөгөөд хэрэгжилт, ухамсар соёл илүү сайн бүрдэх боломжтой гэсэн байлаа. Манай улсын хувьд соёрхон баталж, нэгдсэн орсон олон улсын хүний эрхийн гэрээ, конвенцууд болон Монгол Улсын Үндсэн хууль, дотоодын хууль тогтоомжид заасан зарчим, зохицуулалтуудын хүрээнд хүнийг ямар ч үндэслэлээр ялгаварлан гадуурхахыг хориглох суурь зарчимтай байна. Энэ нь  хүний эрх, эрх чөлөөг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээх, шударга шүүхээр шүүлгэх, нийгмийн бүхий л харилцаанд тэгш оролцох боломжоор хангагдах хүн бүрийн үндсэн эрхийг бие даасан хуультай эсэхээс үл хамааран ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийг хангасан гэж үзэж болохоор байна хэмээн дурджээ.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун төр-иргэн, төр-хувийн хэвшил дэх ялгаварлан гадуурхах асуудалд чиглэсэн холбогдох хэлэлцүүлгийг үе шаттай зохион байгуулах шаардлагатай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир орон нутаг дахь цөөнхөд чиглэсэн энэ чиглэлийн судалгаа хийхэд анхаарах талаар санал хэлсэн хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл