“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Дүрэм батлах тухай, Дүрэм, журам шинэчлэн батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал, Дүрэм батлах тухай Засгийн газрын тогтоолын хавсралтаар “Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн ажиллах дүрэм”-ийг баталсан байна. Энэхүү дүрмийг хүүхдийн эрхийн улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч гэр бүл, нийгмийн орчинд хүүхдийн эрх хангагдаж байгаа эсэхэд хяналт тавих, урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийн зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр хяналт шалгалт хийх, шийдвэр гаргах бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд баримтална. Харин Дүрэм, журам шинэчлэн батлах тухай Засгийн газрын тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн дүрэм”-ийг, 2 дугаар хавсралтаар “Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн хөрөнгийг төвлөрүүлэх, бүрдүүлэх, зарцуулах журам”-ыг тус тус баталжээ. “Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн дүрэм”-ийг Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад баримтлах юм байна.
Түүнчлэн “Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн хөрөнгийг төвлөрүүлэх, бүрдүүлэх, зарцуулах журам”-аар Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.3.25-д заасан Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн хөрөнгийг төвлөрүүлэх, бүрдүүлэх, зарцуулахтай холбоотой харилцааг зохицуулах ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.