Цэс

Холбоо барих

Ажлын хэсэг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцлаа

Улсын Их Хурлын даргын 2024 оны 113 дугаар захирамжаар байгуулагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог оновчтой болгох чиглэлээр санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тав дахь хуралдаан өнөөдөр (2025.04.22) Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт болов.



Энэ удаагийн хуралд ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр, Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл, Х.Болормаа, М.Бадамсүрэн болон УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх Н.Отгончимэг нар оролцлоо.

Хуралдаанд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга С.Энхболд Эрүүл мэндийн даатгалын тухай хууль түүний хэрэгжилтийн талаар танилцуулахын зэрэгцээ эрүүл мэндийн даатгалын сангийн өнөөгийн нөхцөл байдал, бодит тоон мэдээлэлд үндэслэсэн судалгаа, дүн шинжилгээний үр дүн, нөлөөлөл, нэхэмжлэлийн хяналтын үйл явц түүний цахим шилжилт, орлого, зардлын тооцоолол, эрүүл мэндийн байгууллагад тулгамдаж буй асуудлууд, засаглал, тогтолцооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд цаашид эрүүл мэндийн байгууллагын бодит нөхцөл байдалд тулгуурлан актуар тооцооллыг эрчимжүүлэх, нэхэмжлэлийн хяналтын үйл явцыг сайжруулах, оновчтой болгож цахим хэлбэрт шилжүүлэх арга хэмжээ авах, иргэд, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагад хүндрэл, чирэгдэлгүй байхаар санхүүжилтийн хяналтын тогтолцоог бий болгох талаар санал хэлэв. Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төсөлд санал оруулахад нээлттэй, идэвх санаачилгатай хамтран ажиллахыг хүслээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл