2012 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хот
Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж, С.Баярцогт, Д.Ганбат, Л.Цог, Х.Тэмүүжин нараас 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Шүүх байгуулах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/ болон Шүүгчийн орон тоо батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг тус Байнгын хороо 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.
Хууль санаачлагч шүүхийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх, иргэдийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхийг хангах, шүүгчийн ажлын ачааллыг багасгаж тэнцвэржүүлэх, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах зорилгоор дээрх хууль, тогтоолын төслүүдийг боловсруулсан байна.
Дээрх хууль, тогтоолын төслүүдийг тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Шүүх байгуулах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/ болон Шүүгчийн орон тоо батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх талаар Хууль зүйн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.
ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН
ХОРООНЫ ДАРГА Ш.ТҮВДЭНДОРЖ