Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2024 оны 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан “Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явцад дэмжлэг үзүүлэх” үүрэг бүхий ажлын хэсгийнхэн 2025 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн орон нутагт ажиллаж байна.
Байнгын хорооны дарга Ч.Ундрам, Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл, Б.Хэрлэн, Г.Хосбаяр, О.Саранчулуун, Ж.Галбадрах нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг эхлээд Төв аймагт ажиллаж, “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны ариун цэврийн байгууламжийг солих төслийн үр дүн, ашиглалттай танилцахын зэрэгцээ боловсролын байгууллагын тулгамдсан асуудлаар санал солилцлоо.
Уг төсөлд Төв аймгийн ерөнхий боловсролын 16 сургууль, хүүхдийн 14 цэцэрлэг, 7 дотуур байр хамрагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар 31 объектод хийгдсэн ариун цэврийн байгууламжид байнгын ашиглалтад оруулах комисс ажиллаж, ашиглалтад хүлээн аваад байгаа аж. Тухайлбал, төсөлд тус аймгийн Жаргалант сумын цэцэрлэг, сургууль, дотуур байр зэрэг нийт зургаан объект хамрагдсан бөгөөд ариун цэврийн байгууламжийн ашиглалт хэвийн байгааг холбогдох төрийн байгууллагын албан тушаалтнууд танилцуулав. Мөн Сумын Засаг дарга, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлагууд ариун цэврийн байгууламжийн засвар, үйлчилгээг хариуцах мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх, байнгын орон тоогоор ажиллуулах, ашиглалтын урсгал зардлыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа талаар санал хэллээ.
Дараа нь ажлын хэсгийнхэн Сэлэнгэ аймгийн Баянгол, Баруунбүрэн суманд ажиллав.
Дээрх төсөлд Сэлэнгэ аймгийн есөн сумын цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль дотуур байр зэрэг нийт 19 объект хамрагдсанаас 10 нь ашиглалтад орсон бол үлдсэн объектуудын ажлын гүйцэтгэл 75 хувьтай байгаа аж. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд ашиглалтад орсон ариун цэврийн байгууламжийн үйл ажиллагаа хэвийн байгаа хэдий ч эколос төхөөрөмжийн насос шатах, бохир, лаг соруулах зардал зэрэг тулгамдсан асуудлуудад анхаарах шаардлагатайг уламжлав.
Харин сумын Засаг даргын тамгын газраас нэгдсэн шугам сүлжээ, дэд бүтцийг шийдвэрлэсэн, бохирын машины худалдан авах ажиллагааг зарласан гэсэн бол аймгийн удирдлагын зүгээс ариун цэврийн байгууламжийн хэрэглээг зөв хэвшүүлэх мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлэх, ашиглалтыг сайжруулахад мэргэжилтэй боловсон хүчний нөөц шаардлагатай байгаа талаар санал хэллээ.
Үргэлжлүүлэн Байнгын хорооны ажлын хэсгийнхэн Орхон аймагт ажиллаж, боловсролын салбарын багш, ажилчидтай уулзав.
Уулзалтад оролцсон тус салбарынхан ажилтан, албан хаагчид Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг "Боловсролын салбарыг дэмжих жил" болгож зарласантай холбогдуулан сургалтын орчин нөхцөлийг сайжруулж, стандарт, орчин үеийн шаардлагад нийцүүлэх, ээлжийн багш, уртасгасан цагийн бүлгийн санхүүжилт, багшийн цагийн хөлс, цалин хангамж, хоолны мөнгийг нэмэгдүүлэхэд анхаарах, ажлын ачааллыг багасгах, гурван ээлжээр хичээллэж буй байдал, анги дүүргэлтийн асуудлыг цэгцлэх шаардлагатай талаар санал хэлсэн.
Мөн боловсролын байгууллагын удирдах ажилтны нийгмийн баталгаа, тоног төхөөрөмж, лабораторийн шинэчлэл, сургалтын хэрэглэгдэхүүнүүдийг нэмэгдүүлэх, ахлах сургуулийн төрөлжилт, мэргэжил сонголт, AI технологийг нэвтрүүлэх, багшийн хөгжил, ажил мэргэжлийн стандарт, дадлагын сургалтын баазыг сайжруулах, насан туршийн суралцахуйн бодлого, хувьсах зардлын шинэчлэл, хот, хөдөөгийн ялгааг багасгах, их, дээд сургуулийн босго оноо, сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн талаар хөндөн асуулт асууж, санал солилцлоо.
Мөн энэ үеэр Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрам "Боловсрол, шинжлэх ухааны салбарын шинэчлэл" сэдвээр илтгэл тавьж, Боловсролын сайд П.Наранбаяр салбарын багш, ажилтнуудын асуултад хариулж, мэдээлэл, тайлбар өглөө.
Ажлын алба