Цэс

Холбоо барих

Хүний эрхийн дэд хорооны гишүүд байгаль орчны холбогдох хууль тогтоомж дахь хүний эрх хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсов

Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй хийдэг ээлжит уулзалт өнөөдөр (2025.04.16) болж, байгаль орчны холбогдох хууль тогтоомж дахь хүний эрхийн хэрэгжилтийн талаар хэлэлцлээ.


Уулзалтын эхэнд “Хил хязгааргүй алхам” ТББ-аас “Байгаль орчин-Нийгмийн нөлөөллийн үнэлгээний эрх зүйн орчин”-ы талаар танилцуулж, тулгамдаж буй асуудлын талаар онцоллоо. Тухайлбал, Засгийн газрын 58 дугаар тогтоолоор батлагдсан журмын хэрэгжилтийг хангах аргачлал байхгүй. Алт 1, 2  хөтөлбөрт стратегийн үнэлгээ хийгдээгүй, зөрчигдсөн эрхийг сэргээх, алдагдсан боломжийг нөхөн сэргээгээгүй зэрэг асуудлыг дурдав. Мөн байгалийн ухааны салбарынхан хүний эрх, нийгмийн салбарын үнэлгээг хийдгээс болж үнэлгээний зөвлөлийн хараат бус, мэргэжлийн байх чанар алдагджээ. Мөн олон улсын хүний эрхийн байгууллагуудаас өгсөн зөвлөмжүүдэд дүгнэлт хийж, хэрэгжүүлдэггүй зэрэг асуудал байгааг дурдав.


Үүний дараа “Усны хууль эрх зүйн зохицуулалт: Хүний эрх” сэдвийн хүрээнд МБОИЗ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Б.Эрдэнээ (PhD) мэдээлэл танилцууллаа. Тэрбээр, усны аюулгүй байдлыг хангахад хүн ам, биологийн олон янз байдал болон эдийн засгийн үйл ажиллагааг хангалттай хэмжээний, чанартай усаар хангах, усаар дамжих бохирдол, устай холбоотой гамшгаас хамгаалах, экосистемийг хадгалах нь чухал гэдгийг онцлов. Түүнчлэн төвлөрлийг сааруулах бодлого хэрэгжүүлж байгаа ч усны чиглэлээр шийдвэр гаргах үйл явц хэт төвлөрсөн буюу засаг төвтэй хэвээр байгаа нь устай холбоотой хүний эрхийн зөрчил гарах үндэслэл болж байна гэлээ. Мөн манай улс устай холбоотой төрөл бүрийн гамшгийн эрсдэлтэй тулгарч, байгалиас хүнсний нөөц бүрдүүлэх, бэлчээрийн гарч, биологийн олон янз байдлыг тогтвортой хадгалах зэрэг байгалийн унаган чадавх эрс буурч байгаа талаар танилцуулав.


Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэчимэг хуулийн төслүүдийг Үндсэн хуулийн зарчим, үзэл санаанд нийцүүлэн шинээр боловсруулах шаардлагатай байгааг онцоллоо. Мөн тэрбээр, хуулийн хэрэгжилт, үр дагаврын үнэлгээний агуулга, чанарыг үнэлж, сайжруулах, хариуцлага тооцох болон хууль тогтоомжийн тухай хуулийг хэрэгжүүлж, олон нийт, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх талуудын оролцоог зохих ёсоор хангах нь зүйтэй хэмээсэн.

Уулзалтын төгсгөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өгөх санал, шүүмжийн талаар хэлэлцлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл