Цэс

Холбоо барих

Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар Польшийн Элчин сайд Кшиштоф Бойкотой уулзав

Монгол Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар өнөөдөр (2025.04.16) Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойкотой уулзаж, хоёр улсын хоорондын дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд харилцаа, хамтын ажиллагааны түвшнийг ахиулж, иж бүрэн түншлэлд хүргэснийг бэхжүүлэх, үүний хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтуудыг уялдуулах талаар санал солилцов.

Байнгын хорооны дарга С.Ганбаатар Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслийг танилцуулж, эдгээрийг хэрэгжүүлэхэд өндөр технологи бүхий дэлхийн томоохон үйлдвэрүүд, паркуудын инновац, технологийн сайн туршлага, know-how-гаас суралцах, нутагшуулах явдал чухал болохыг онцлон, үүнд Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо бодлогын дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэйг дурдлаа. Тэрбээр Польшийн KGHM (Kombinat Gуrniczo-Hutniczy Miedzi) корпорацийн зэс хайлуулах цэвэршүүлэх үйлдвэрүүдийг жишээлж, хоёр улсын эдийн засаг, үйлдвэрлэл технологийн талаарх хамтын ажиллагааг эрчимжүүлэх, өрхийн, бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлсэн тус улсын туршлагыг судлах, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлээрх харилцаа, түншлэлийг өргөжүүлэх, эдгээр асуудлаарх эрх зүйн орчныг боловсронгуй болгоход мэдээлэл, зөвлөмж солилцож хамтран ажиллах санал дэвшүүлэв.

Элчин сайд Кшиштоф Бойко хоёр улсын ард түмнүүдийн харилцан хүндлэл, итгэлцлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг бүх талаар гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь иж бүрэн түншлэлийн зорилго болохыг тэмдэглэн, аж үйлдвэрлэл, тэр дундаа уул уурхайн боловсруулах үйлдвэрлэлийн туршлага, хууль, эрх зүйн орчин, технологийн талаар хамтран ажиллах боломж бүрэн бий гэлээ.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, Ж.Золжаргал нар байлцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл