Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос өнөөдөр (2025.04.15) Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл (НДҮЗ)-ийн даатгуулагчдыг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг явууллаа. Нэр дэвшигчийн сонсголыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат даргалав. Тэрбээр хуулийн дагуу Байнгын хорооны гишүүдийн ирц, хэлэлцэх асуудал, сонсголд оролцогчид болон сонсголын дэгийг танилцуулаад, НДҮЗ-ийн гишүүнд нэр дэвшигчийн тухай мэдээлэл хийлээ.
Тус зөвлөлийн гишүүн Ц.Сүхбаатарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон учир Монголын үйлдвэрчний эвлэл (МҮЭ)-ээс Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо (БШУҮЭХ)-ны гишүүн, Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудыг хариуцсан мэргэжилтэн Ж.Батзоригийн нэрийг дэвшүүлээд байгаа юм. Тэрбээр 1997 оноос үйлдвэрчний эвлэлийн байгууллагад тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд 2011-2019 онд Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны даргаар ажиллаж байжээ.
Нэр дэвшигч Ж.Батзориг НДҮЗ-ийн гишүүнд нэр дэвших болсон үндэслэл, томилогдсон тохиолдолд хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар болон өөрийн тухай танилцууллаа. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэд хамтран өөрсдийн эрх ашгийг хамгаалж ажилладаг өвөрмөц онцлог бүхий байгууллага болох үйлдвэрчний эвлэлийн бүх шатанд, мөн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо, Боловсрол шинжлэх ухааны сайдын зөвлөлд ажиллаж, багш нар, боловсролын салбарын ажилчдын төлөө үндэсний хэмжээнд томоохон хөдөлгөөн өрнүүлэх талаар 1997 оноос хойш явуулсан бүх үйл ажиллагаанд оролцсон төдийгүй заримыг нь тэрбээр өөрөө удирдан зохион байгуулж, үр дүнд хүрч байсан тухайгаа ярив. НДҮЗ-д томилогдох тохиолдолд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, даатгуулагчдын эрх ашиг, нийгмийн хамгааллыг сайжруулах, сангийн орлого, зарлагын байдалд хяналт тавих, шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагад асуудал тавьж шийдвэрлүүлэх талаар идэвх санаачилга гаргаж ажиллахаа тэрбээр илэрхийлээд, зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал бөгөөд талууд ижил тэгш байр суурьтай оролцож, санал хураалтаар шийдвэр гаргадаг учир даатгуулагчдыг төлөөлсөн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ байх нь чухал болохыг онцоллоо. Мөн тэрбээр нийгмийн даатгалын хууль тогтоомж харьцангуй сайжирч, боловсронгуй болсны үр дүнд НДҮЗ-өөс гарах шийдвэрүүд мэргэжлийн хороо, хяналтын зөвлөлөөр хянагддаг болсныг сайшааж, хуулийн хүрээнд нийгмийн хамгааллын асуудлаар тодорхой санал, зөвлөмж боловсруулах, сангийн үр ашгийг сайжруулах, даатгуулагчдын эрх ашгийг хангах чиглэлээр үр дүнтэй ажиллах боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
Дараа нь Нийгмийн бодлогын байнгын хорооны 2025 оны 04 дүгээр тогтоолоор томилогдсон хараат бус шинжээч, МУИС-ийн профессор С.Энхбаяр нэр дэвшигчийн талаарх дүгнэлтээ танилцуулав. Хараат бус шинжээч нэр дэвшигчийн Байнгын хороонд ирүүлсэн материалтай танилцаж, түүний мэдлэг, мэргэшил, ур чадвар, туршлагын талаарх суурь дүгнэлтийг гаргах, мэдлэгийг асуулт, хариулт болон ярилцлагын аргаар тодорхойлох, ёс зүйн талаарх дүгнэлтийг эдүгээ хамгийн түгээмэл хэрэглэж байгаа 360 хэмийн үнэлгээний арга ашиглан хийх гэсэн гурван үндсэн чиглэлээр шахуу хугацаанд ажилласан байна.
Нэр дэвшигчийн өөрийнх нь ирүүлсэн материалтай танилцахад НДҮЗ-ийн гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулах журамд заасан зургаан шаардлагыг хангасан байна. Хөдөлмөрийн эдийн засагч мэргэжлийг 1997 онд эзэмшсэнээсээ хойш үйлдвэрчний эвлэлийн байгууллагад тасралтгүй ажиллаж, хангалттай туршлага хуримтлуулсны дээр 2011-2012 онд НДҮЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан нь давуу тал болж буйг шинжээч онцоллоо. Харин НДҮЗ-д даатгуулагчдыг төлөөлж ажиллах гишүүний нийгмийн даатгалын тогтолцоо, нийгмийн хамгааллын талаарх ерөнхий мэдлэг хангалттай бус буюу учир дутагдалтай гэж үзсэн байна. Ёс зүйн асуулгыг нарийвчлан боловсруулж, 360 хэмийн аргаар буюу нэр дэвшигчийн хүрээллийн таван өөр салбар, байгууллагыг төлөөлсөн таван хүнээс асуух аргаар явуулж, таван онооны системээр дүгнэхэд 3.8 оноо авчээ.
Нэр дэвшигчийн танилцуулга болон хараат бус шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун НДҮЗ-ийн үйл ажиллагааны ил тод байдалд ямар үнэлэлт дүгнэлт өгч буйг нь болон хэрхэн сайжруулах, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэднийг асран халамжилж буй эцэг, эх, асран хамгаалагчдад үзүүлж буй нийгмийн халамж, хамгааллыг хэрхэн оновчтой, хүртээмжтэй болгох, мэргэжлээс шалтгаалах өвчин, үйлдвэрлэлийн ослийн улмаас хөгжийн бэрхшээлтэй болж буй иргэдийн алдагдсан боломжийг хэрхэн нөхөх талаар асуулт асууж, хариулт авсан юм. Мөн сонсголд оролцогч Монголын Ахмадын холбооны төлөөлөгч П.Бямбацэрэн, иргэн Д.Алтангэрэл, Г.Хонгор нар нэр дэвшигч Ж.Батзоригоос НДҮЗ-ийн үүрэг, зорилго, тус зөвлөлийн үйл ажиллагаанд оруулах хувь нэмэр, урьд өмнө зөвлөлд ажиллаж байхдаа гаргаж байсан шийдвэр, нийгмийн даатгал, түүний эв санааны зарчмын талаарх байр суурь, нийгмийн даатгалын сангийн нөхцөл байдал, түүний удирдлагыг хэрхэн сайжруулах, хуримтлагдсан болон тулгамдсан асуудлын талаар асуулт тавив.
Улсын Их Хурлын гишүүн болон оролцогчдын асуултад хариулахдаа нэр дэвшигч Ж.Батзориг хууль тогтоомжид орсон дэвшилттэй зохицуулалтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх, ил тод байдал, цахимжилтыг үргэлжлүүлж, нийгмийн халамж, хамгааллын төрөл зүйлийг оновчтой байдлаар нэмэгдүүлэх, даатгуулагчдын нийгмийн хамгааллын талаарх мэдлэг, мэдээллийг сайжруулах, хууль тогтоомж, бодлого шийдвэрийг сурталчлан таниулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа өгүүлэв. Мөн нийгмийн даатгалын тогтолцоо хөдөлмөрийн харилцаатай уялдаатай байх ёстойг онцолж, тэгэврийн хэмжээг тогтоохдоо нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа, уг шимтгэлийн хэмжээг харгалзан үзэх нь зайлшгүй боловч хэт их зөрүүтэйгээр тогтоож болохгүй гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм. Түүнчлэн нийгмийн даатгалын сангийн орлог, зарлагын тооцооллыг нарийвчлан сайжруулах, мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт, зөвлөмжийг удирдлага болгож ажиллах, улс төрийн болон бусад нөлөөллөөр хууль тогтоомжид гэнэтийн өөрчлөлт оруулах, зардлын зүйлүүдийг тооцоо судалгаагүйгээр бий болгохоос зайлсхийж ажиллах шаардлагатайг дурдлаа.
Үүний дараа Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, С.Зулпхар нар үг хэлж, Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдээр сангийн удирдлага, зохицуулалтыг илүү нарийвчилж, “системийн хулгай” гарах нөхцлийг хаасан болон хагас хуримтлалын тогтолцоонд шилжих эрх зүйн орчныг бүрдүүлсэн зэргийг дурдаад, хууль, эрх зүйн орчинд өөрчлөлт оруулсантай холбоотойгоор нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зохистой менежментээр удирдах, орлогыг тогтвортой бүрдүүлэх, чөлөөт мөнгөн үлдэгдлийг эрсдэлгүй санхүүгийн хэрэгсэлд оруулах, ажил олгогч, даатгуулагчдад чиглэсэн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, мэргэжлийн болон хяналтын бүтцүүдийг үр дүнтэй ажиллуулж, эрдэмтэн судлаачдын онол, тооцоололд үндэслэн шийдвэр гаргаж ажиллахыг зөвлөв.
Мөн сонсголд оролцогчид үг хэллээ. Монголын Ахмадын холбооны төлөөлөгч П.Бямбацэрэн НДҮЗ-д тэтгэвэр авагч даатгуулагчдыг төлөөлсөн гишүүн байхгүй болж байгааг шүүмжлээд, үүнд ахмад настнууд ихээхэн эмзэглэж байгааг анхааруулав. Иргэн Д.Алтангэрэл тэтгэвэр тогтоохдоо итгэлцүүрийн дээд хязгаарыг бий болгож, ахмад настнуудыг хохироож байгааг зогсоох ёстой гэж үзэж байгаагаа дурдан, үүнийг нийгмийн хамгаалалд хэт их зөрүү үүсгэж болохгүй гэх үндэслэлээр өмгөөлж байгаа нь нэр дэвшигч Ж.Батзоригийг НДҮЗ-ийн гишүүнээр ажиллах шаардлагыг хангахгүй байна гэж үзэхэд хүргэж байна гэлээ. Мөн иргэн Г.Хонгор нэр дэвшигчийг шаардлага хангахгүй гэж дүгнэж буйгаа хэлээд, НДҮЗ-ийн даргаар хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн ажиллаж байгаа нь хууль тогтоох эрх зөвхөн Улсын Их Хуралд хадгалагдана гэсэн Үнсэн хуулийг заалтыг зөрчиж байна гэлээ.
Улсын Их Хурлын гишүүд болон сонсголд оролцогчид ийнхүү үг хэлж, саналаа илэрхийлснээр НДҮЗ-ийн даатгуулагчдыг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.