Улсын Их Хурлын даргын 2024 оны 115 дугаар захирамжаар байгуулагдсан Иргэний хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгээс өнөөдөр (2025.04.14) “Иргэний хуулийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдлын дүн шинжилгээ, үр дагаврын үнэлгээ” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулав.
Хэлэлцүүлэгт Улсын дээд шүүх, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Монголбанк, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын нотариатчдын танхим, Монголын банкны холбоо, МУИС, Шихихутуг их сургуулийн төлөөлөл, өмгөөлөгчид, судлаачдын төлөөлөл оролцлоо.
Хэлэлцүүлгийн эхэнд Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Д.Ганболд “Иргэний хуулийн бичвэрт холбогдох зөв бичих зүйн зарим асуудал” сэдэвт илтгэл танилцуулж, сэдвийн хүрээнд оролцогчид асуулт асууж, тодруулан хэлэлцүүлэг өрнүүлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн төлөөллөөс хариулт тайлбар авч, санал солилцсон юм.
“Иргэний хуулийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдлын дүн шинжилгээ, үр дагаврын үнэлгээ” судалгааг 5 баг хийсэн бөгөөд баг тус бүр тайлангаа танилцуулав. Нэгдүгээр багийн “Иргэний эрх зүйн ерөнхий анги (Иргэний хуулийн I хэсгийн I-IV дэд хэсэг)” тайланг УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх, тус багийн ахлагч Н.Отгончимэг танилцууллаа. Хоёрдугаар баг “Эдийн ба эдийн бус баялгийн эрх зүй (Иргэний хуулийн I хэсгийн V дэд хэсэг)” судалгааг хийсэн бөгөөд энэ талаар Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч, тус багийн ахлагч Н.Баярмаа танилцуулсан. “Үүргийн ба гэрээний эрх зүй (Иргэний хуулийн II хэсэг, Иргэний хуулийн III хэсэг, II хэсгийн I дэд хэсэг)”-ийн талаар гуравдугаар багийн тайланг Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал, тус багийн ахлагч Б.Амарсанаа танилцуулав.
Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш Э.Байгал дөрөвдүгээр багт ажилласан бөгөөд тус багийн “Өв залгамжлал, олон улсын иргэний эрх зүй (Иргэний хуулийн IV, V, VI хэсэг)” судалгааны тайланг танилцуулсан юм. “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, гэм хор учруулснаас үүсэх үүрэг (Иргэний хуулийн IV хэсэг, III дэд бүлэг, II дэд хэсэг)” судалгааны тайланг тавдугаар багийг төлөөлөн Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч П.Золзаяа танилцууллаа.
Ийнхүү судалгааны ажил гүйцэтгэсэн таван багийн тайлан тус бүрийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлэн, тайлангуудын агуулгын уялдаа холбоог хангах, зарчмын санал зөрөлдвөл шийдлийн хувилбаруудыг хамтад нь тайланд тусгах зорилготой хэлэлцүүлэг болж өндөрлөв.
Энэхүү судалгааны тайлан, ажлын хэсгийн үйл ажиллагааны үр дүнг бодлого боловсруулагчид болон Улсын Их Хурлын гишүүдэд тайлбарлан, зарим зохицуулалтыг боловсронгуй болгох, шинэ тутам гарч буй харилцааг зохицуулах шаардлагын талаарх мэдээллийг дэлгэрэнгүй хүргэх нь нэн чухал гэдгийг О.Номинчимэг гишүүн тэмдэглээд “Иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудлуудлыг хэрхэн оновчтой шийдвэрлэх вэ гэдэг дээр анхаарч, иргэдийн дуу хоолой болох нь Улсын Их Хурлын гишүүний үндсэн үүрэг. Өнөөдрийн судалгаануудын тайланд дурдагдсан шиг амьдрал дээр тулгарч буй асуудлууд, тэдгээрийг эрх зүйн орчинд хэрхэн шийдвэрлэх талаарх мэдээллүүдийг хууль тогтоогчдод хүргэх нь чухал” гэв.
Иргэний хуулийн хэрэгжилттэй танилцаж, холбогдох санал, дүгнэлт гарган, цаашид авах арга хэмжээний санал боловсруулж Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганд танилцуулах үүрэг бүхий тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Дам.Цогтбаатар, Х.Баасанжаргал, П.Сайнзориг, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Б.Энхбаяр, С.Эрдэнэболд нар ажиллаж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.