Цэс

Холбоо барих

АҮББХ: Хяналт шалгалтын ажлын хэсгийн гишүүд газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцлаа

Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос байгуулагдсан Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн явцыг шалган судалж, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд өчигдөр (2024.04.09) тус үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилтай газар дээр нь танилцлаа.

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжиж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд бүтцийн дараалал, барилга байгууламжийн төвөгшил болон инженерчлэлийн ажилд зарцуулах хугацаа зэргийг харгалзан дөрвөн хэсэгт хуваан явуулж байгаа юм. Үүний эхний буюу үйлдвэрийн угтах байр, эмнэлэг, хоолны газар, оффис сургалтын төв, агуулах, лаборатори, цэвэр усны систем, гал унтраах анги, засварын цех зэрэг технологийн бус барилга байгууламжийг барих ЕРС1 ажил бүрэн дуусаж, 2024 онд ашиглалтанд оруулсан байна.

Өнөөдрийн байдлаар анхдагч технологийн болон дагалдах байгууламжууд, дулааны цахилгаан станцын барилга байгууламж, зарим тоног төхөөрөмжийн угсралтын буюу ЕРС2, ЕРС3 ажлууд явагдаж байгаа талаар “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг танилцууллаа. ЕРС4 бол гүн боловсруулалтын технологи, тоног төхөөрөмжүүдийг гадаадын өндөр технологийн лицензтэй үйлдвэрүүдэд захиалж хийлгэх, авчирч угсрах, тохируулах ажлууд юм. Мөн үйлдвэрийг түүхий эдээр хангах 530 км урт дамжуулах хоолойн бүтээн байгуулалт дуусах шатандаа явж байна.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн асуудлаарх Байнгын хорооны ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан ахалж, бүрэлдэхүүнд бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Х.Жангабыл, Ж.Золжаргал, Г.Лувсанжамц, П.Мөнхтулга, Г.Очирбат, Д.Үүрийнтуяа, Д.Энхтуяа, П.Ганзориг, Д.Батбаяр, Д.Энхтүвшин нар ажиллаж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл