Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгч Ардчилсан институт хүний эрхийн алба /АИХЭА/-ны Хууль тогтоомжийн дэмжлэг үзүүлэх асуудал хариуцсан мэргэжилтэн Надия Сиренко, тус албаны Улс төрийн намуудын асуудлаарх үндсэн шинжээчдийн бүлгийн гишүүн Фернандо Касал Бертоа нарыг өнөөдөр /2025.04.11/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ Улс төрийн намын тухай хуулийн талаар санал солилцохоор ирсэнд талархал илэрхийлээд, улс төрийн намуудын үйл ажиллагааг сайжруулах нь улс орны тогтвортой байдал, ардчилал, хүний эрхийг хөгжүүлэхэд чухал нөлөөтэй гэдгийг онцолсон.
Ардчилсан институт хүний эрхийн албаны Хууль тогтоомжийн дэмжлэг үзүүлэх асуудал хариуцсан мэргэжилтэн Надия Сиренко, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага нь гишүүн орнуудынхаа хуульд олон улсын стандартад нийцэж буй эсэхэд үнэлгээ өгч ажилладгийг тодотгоод, 2022 онд Монгол Улсын Их Хурлын даргын хүсэлтээр Улс төрийн намын тухай хуулийн төсөлд Венецийн комисстой хамтран үнэлгээ өгч ажилласныг тэмдэглэсэн. Энэхүү хуулийн төсөлд үнэлгээ өгөхдөө тухай үеийн УИХ-ын гишүүдийн төлөөлөлтэй хэд хэдэн удаагийн цахим уулзалт хийж байсныг дурдаад, Сонгуулийн ерөнхий хорооны хүсэлтээр дээрх хуульд үнэлгээ хийхээр ажиллаж байна гэлээ. Хуулийн төслийг батлахдаа тус байгууллагын зүгээс өгсөн зөвлөмжүүдээс тусгаж дэвшилттэй болсон хэдий ч сайжруулах шаардлагатай зарим зүйл анзаарагдаж байгааг мөн тодотгосон. Тэрбээр, Улс төрийн намын тухай хуульд үнэлгээ өгөхийн тулд Сонгуулийн ерөнхий хороо, Улсын дээд шүүх, Авлигатай тэмцэх газар, Улс төрийн намуудын төлөөллүүдтэй уулзаж, мэдээлэл цуглуулж байна хэмээгээд, энэхүү мэдээллүүддээ үндэслэн эцсийн дүгнэлтээ гаргана гэлээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Улс төрийн намын тухай хуульд тодорхой өөрчлөлтүүд оруулах шаардлагатай гэсэн байр суурьтай байдгаа илэрхийлсэн. Тэр дундаа намын санхүүжилтийг тодорхой болгож, үүнтэй уялдуулан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага бийг тэмдэглэсэн.
Байнгын хорооны дарга улс төрийн сонгуульд оролцож буй нэр дэвшигчийн санхүүгийн байдал, сонгуулийн зардал, Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах болсон шалтгааны талаар мэдээлэл өгсөн.
Түүнчлэн тэрбээр сонгуульд нэр дэвшигчид тавих санхүүжилттэй холбоотой шаардлага ямар байвал зохих, улс төрийн намын санхүүжилтийн талаарх өөрийн байр суурийг илэрхийлж харилцан санал солилцлоо.
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Ардчилсан институц, хүний эрхийн алба нь 1991 онд байгуулагдсан бөгөөд ЕАБХАБ-ын гишүүн орнуудад болж буй сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт хийх, сонгуулийн болон хүний эрхийн байгууллагад техникийн тусламж үзүүлэх, зөвлөгөө өгөх, ТББ, иргэний нийгмийн хөгжлийг дэмжих, тэдэнд зориулсан сургалт семинарыг зохион байгуулах зэргээр хүний эрхийг хамгаалах, яс үндэс, шашин шүтлэгийн байдал зэргээр ялгаварлан гадуурхах, үл тэвчих явдал, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, хууль сахиулах, ардчиллыг хөгжүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагаа явуулдаг юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.