Цэс

Холбоо барих

Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар, Улсын Их Хурлын гишүүн Д.Жаргалсайхан, П.Мөнхтулга, Б.Уянга, Г.Хосбаяр нар өнөөдөр (2025.04.10) Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вонг хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байгааг талууд онцлоод, энэ хугацаанд Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин тэлж, эрчимтэй хөгжиж буйг тэмдэглэлээ.


Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар нэн тэргүүнд 2021 онд эхэлсэн Сангийн яам, БНСУ-ын “Экспорт-Импорт” банк хооронд байгуулсан 10 аймгийн төвийн дулааны станц барих төслийн талаар Элчин сайд Чой Жин Воноос тодруулав. Тус төсөлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ноён Чой Жин Вон өгөөд, Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий, Төв аймгийн төвд орчин үеийн дэвшилтэт технологи бүхий 10 дулааны станцыг ашиглалтад оруулах төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд онцгой анхаарал хандуулан, холбогдох талуудтай нягт хамтран ажиллаж байгаагаа дуулгасан.


Үргэлжлүүлэн талууд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн хүрээнд аж үйлдвэржилтийн арвин туршлагатай БНСУ-тай хамтран ажиллах боломжийн талаар санал солилцоод, хоёр орны аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны түвшинд ахиц гаргахад онцгой анхаарч Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороотой нягт хамтарч ажиллахаар санал нэгдлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл