Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд өнөөдөр /2025.04.10/ “Дэвшилтэт, шинэ үеийн парламентын хэрэгцээ, шаардлагад нийцсэн чадварлаг, өндөр бүтээмжит ажлын алба” сэдэвт сургалтад хамрагдлаа.
Сургалтын үйл ажиллагааг Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва нээж үг хэллээ. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлын хүрээнд шинжлэх ухаан, инноваци, технологийн дэвшлийг дэмжиж, үйл ажиллагааныхаа үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор албан хаагчдыг чадавхжуулах цуврал сургалтуудыг зохион байгуулж байгааг тодотгосон. Энэ удаагийн сургалтаар хиймэл оюун ухааны суурь ойлголтыг өгч, түүнийг ажлаа хөнгөвчлөх, өгөгдөлд шинжилгээ хийх, олон эх сурвалжаас мэдээлэл авч харьцуулалт хийх зэргээр хэрэглээнд хэрхэн ашиглах талаарх мэдээллийг өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийсэн юм.
Тус сургалтыг Кембриджийн их сургуулийн багш Андер Бигүри, Лорена Санчес нар хөтлөн явуулж, “Хиймэл оюун ухааны суурь ойлголтууд”, “Бүтээгч оюун ухаан ба түүний хэрэглээ” сэдвээр мэдээлэл хүргэв. Тодруулбал, хиймэл оюун ухааны үндсэн ойлголтуудаас гадна түүний хөгжил, хэрэглээ болон цаашдын боломжуудын талаар танилцууллаа.
Хиймэл оюун ухааны гол чиглэлүүдийн нэг нь компьютер болон системүүд өгөгдөлд үндэслэн суралцах чадвартай болдгоороо онцлогтой. Нарийн өгөгдөл боловсруулж, дүн шинжилгээ хийх, загвар илрүүлэх, хандлагыг урьдчилан таамаглах зэрэгт ашиглаж байна. Бизнес, боловсрол, эрүүл мэнд, урлаг соёлын олон салбарт ашиглах боломжтой бөгөөд эдгээр салбарт хиймэл оюун ухааны боломжуудыг хэрхэн ашиглах, ирээдүйн чиг хандлага ямар байх, учирч болох эрсдэлийн талаар мэдээлэл хүргэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.